Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бага насны хүүхэдтэйгээ усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Увс аймгийн Ховд сумын Ачит нуур багийн “Олон нуурын холбоо цоохор” гэдэг газраас /аймгийн төвөөс баруун зүгт 280 км-т, сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ наймдугар сарын 1-ний өдрийн 23:00 цагийн орчимд Улаангом сумын чиглэлд суудлын автомашинаар зорчиж явсан иргэн Н нь бага насны хүүхдийнхээ хамт сураггүй болжээ. Иймд ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд “Цоохорын-Адаг” нуурын усанд автомашинтайгаа живсэн байж болзошгүй тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 10:36 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ховд сумын мэргэжлийн ангийнхан очиж, иргэн Н /33 настай, эрэгтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/, Э/5 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Мөн өдрийн 20:23 цагт иргэн Н-ийн цогцсыг “Цоохорын-Адаг” нуурын эргээс 4 метрийн гүн /эргээс 14 метр/-ээс, 21:50 цагт Э-ийн цогцсыг нуурын 6 метрийн гүн /эргээс 15 метр/-ээс автомашины бүхээг дотроос тус тус олж, гарган Ховд сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.