Үлэг гүрвэлээс үлдсэн араг яс, өндөг зэрэг олдворууд дэлхийн олон улс орнуудаас олддог ч Монголын газар нутгаас хамгийн өвөрмөц бас ховор олдворууд илэрсээр байна.
АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын үйл ажиллагаа АНУ-ын Конгрессын номын сангийн байранд 8 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өглөө.
Үлэг гүрвэлийн олдворыг хүлээн авч буй нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой үйл явдал юм.
Монгол Улс анх удаа АНУ-ын хилээр хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг олдворуудыг 2013 онд хүлээн авсан. Үүнээс хойш 2014, 2016, 2019 онуудад үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн аваад байна. Энэхүү хууль бусаар худалдаалагдсан олдворыг буцаахад АНУ-н холбогдох албаныхан, хуулийн байгууллагууд, эрдэмтэд Палентеологч М.Болорцэцэг нар гол үүрэг гүйцэтгэжээ.