“Монголчуудын өв соёлын Даншиг наадам-Хүрээ цам 2023” -ын хүрээнд Цам харайх ёслол Хүй долоон хутагт Төв талбайд болж байна. Энэ үеэр Наро Банчен Гэгээн даншиг наадмын талаар сэтгэгдлээ хуваалцав.
Тэрбээр, "Даншиг гэдэг бол "бат орших" гэсэн үг. Бид дээдэс Өндөр гэгээн богддоо бат орших өргөж байна гэсэн үг. Яагаад бат орших өргөдөг вэ гэвэл хамаг амьтныг хайрлаж, ард түмнээ гэгээрүүлж байгаа сайхан сэтгэлд нь бид бат орших өргөж хамаг амьтанд сайн үйлсийг дэлгэрүүлээсэй гэж хүсдэг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг баярлаж, цэнгэж наадах баяр биш нийтээрэй эв нэгдэлтэйгээр буюу хүн бүр сайхан сэтгэлд суралцаж, хүнд тустай хандвал бат оршихын хэрэг гарна гэсэн үг. Бурхан багш жаргал зовлон гэдэг хэн нэгний өгөөд байгаа зүйл биш өөрийн хийж буй үйлийн үр дүн гэсэн байдаг. Тэгэхээр нийгэмд тулгамдаад буй асуудал нь хүмүүний аминч үзэл учир үүнийг залруулах, сайхан сэтгэлийг түгээх, хүний ачийг бодож сайн үйлд суралцах хэрэгтэй гэдгийг түгээн дэлгэрүүлэх наадам болж байна. Наадмын цам харайх ёслол бол гаднын барцад саад муу шалтгааныг давахад тустай. Гаднаас барцадгүй болоод ирэхээр хүн өөрийн зүгээс бусдад хорлолгүй зөв мөрөөр явах хэрэгтэй гэсэн үг. Энэ мэтчилэн Даншиг наадмын бүх үйл нь хүмүүний төлөө, нийгмийг гэгээрүүлэх зорилго бүхий байдаг билээ" хэмээлээ.