Г.Ёндон "Уурхайчин-2" төслийн хохирогчдын эсэргүүцлийг дарж, 7.8 тэрбум хохирлыг "Эрдэнэт үйлдвэр"-ээс барагдуулахаа мэдэгджээ

Г.Ёндон "Уурхайчин-2" төслийн хохирогчдын эсэргүүцлийг дарж, 7.8 тэрбум хохирлыг "Эрдэнэт үйлдвэр"-ээс барагдуулахаа мэдэгджээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  ажилчдадаа зориулан “Уурхайчин” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Төслийн эхний ээлж болох "Уухайчин-1" төсөл амжилттай хэрэгжсэн боловч "Уухайчин-2", "Уурхайчин-3" төсөл саатаж, бүтээн байгуулалтын ажил нь зогсоод нэлээдгүй хугацаа өнгөрчээ. Тиймээс хохирогч болоод буй уурхайчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. 

Тодруулбал, “Уурхайчин-2” төслийг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захиалгаар “Өргөө хаан констракшн” компани хэрэгжүүлэхээр болжээ. Энэ хүрээнд тухайн компани нь 80, 90 м2  бүхий талбайтай, 600 айлын орон сууцны хороолол барьж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр болсон байна. Улмаар Эрдэнэт үйлдвэрийн 300 гаруй ажилтан, албан хаагч тус орон сууцны төсөлд хамрагдахаар урьдчилгаа төлбөрөө төлжээ. Гэвч тухайн төсөл нь зогсож, захиалга өгсөн Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид хохироод байгаа аж. “Уурхайчин-2” төслийг орон сууцны 1 мкв нь нэг сая 680 мянган төгрөгийн үнэтэй гэгдэж байсан учир олон хүн захиалга өгсөн байжээ. 

-УУРХАЙЧИД: ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСӨЛ УЧИР ЭРГЭЛЗЭХ ЗҮЙЛГҮЙГЭЭР УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРӨӨ ТӨЛСӨН-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эрдэнэт үйлдвэрийн хэрэгжүүлж байгаа төсөл болохоор уурхайчид эргэлзэх зүйлгүйгээр амьдарч байсан хашаа байшин, гэр орон, унаа машинаа зараад байрны урьдчилгаа төлбөрөө төлсөн. Гэтэл 2019 онд эхэлсэн төсөл зогсож, уурхайн ажилчид хохироод байна. Эхний ээлжийн төсөл амжилттай хэрэгжсэн тул эргэлзээ байгаагүй. Асуудал шийдэгдэх байх хэмээн гурван жил хүлээсэн ч төсөл урагшилсангүй. Үйлдвэрийн удирдлагуудад удаа дараа хандсан ч ахиц гараагүй. Тиймээс хохироод буй уурхайчид эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цуглаан зохион байгуулахаар болсон. Харин үүнийг удирдлагууд мэдэж, хохирсон уурхайчдыг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан. "Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал Г.Ёндон "Уурхайчин-2 төслийн хохирогч болоод буй уурхайчдын хохирлыг эхний ээлжид "Эрдэнэт үйлдвэр" энэ сардаа багтаан барагдуулах болно" гэдгээ амласан. Тиймээс бид эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулахаа хойшлуулсан" гэв. 

Уурхайчдын өгч буй мэдээллээр "Уурхайчин-2" төслийн хохирогч болоод буй хүмүүс "Өргөө хаан констракшн” компанид 7.8 тэрбум төгрөгийг урьдчилгаанд төлөөд байгаа аж. Тиймээс эл мөнгийг "Эрдэнэт үйлдвэр" энэ сардаа багтаж, хохирогч болсон иргэдэд олгохоор болсон байна.