БНСУ-д 16 настай Монгол хүүг баривчлан хар тамхины хэрэгт холбогдуулан байцааж, таеквондогийн тэмцээнд нь оролцуулаагүй байна

БНСУ-д 16 настай Монгол хүүг баривчлан хар тамхины хэрэгт холбогдуулан байцааж, таеквондогийн тэмцээнд нь оролцуулаагүй байна

БНСУ-ын цагдаагийн газрыг эрх мэдлээ урвуулан ашиглаж, гадаад улсын өсвөр насны хүүхдийг хар тамхины гэмт хэрэгтэн эсвэл хууль бус харийн хүн мэт үзэж баривчилгаанд хэт олон тооны цагдаа, тусгай хүчнийхэн ашигласан, эрэн сурвалжилсан, хүүхдийн эрх зөрчсөн гэж ихээхэн шүүмжилж байна.

Тодруулбал, Энэ сарын 7-ны өдөр Солонгос улсад нэгэн дэлгүүрээс үдийн хоол хулгайлаад цагдаагаас зугтсан Монгол өсвөр насны хүүхдийг барьсан бөгөөд энэ үед цагдаагийн алба хаагчид, тусгай ангийхан, гал сөнөөгч зэрэг 50 гаруй хүн дайчлагдсан нь маргаан дэгдээгээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар БНСУ-ын "CBS No Cut News" телевизийн өчигдрийн /2023.08.13/ мэдээгээр гарсан нь, Монгол Улсын таеквондогийн тамирчин А(17 настай)-г цагдаа нар хууль бусаар баривчилсан, зөвшөөрөлгүй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна гэх мэдээлэл цацагджээ.

Тус таеквондогийн тамирчин А нь энэ сарын 7-14-ны хооронд Канвондо мужийн Чунчон хотод болсон таеквондогийн “Чүнчон Korea Open” олон улсын тэмцээнд оролцохоор Солонгос Улсад ирээд байсан бөгөөд түүнийг ахынх нь хамт энэ сарын 7-ны өдрийн 11:45 цагийн орчимд Инчоны Бүпёнгу хотоос цагдаа нар баривчилжээ.

Учир нь тухайн өглөөний 08.00 цагийн орчимд Монгол улсын иргэн бас нэгэн таеквондогийн тамирчин Б /16 настай/ нь нэгэн дэлгүүрээс хайрцагтай өдрийн цай хулгайлж, А-гийн төрсөн ахын байр руу зугтсан байна.

А, Б хоёр өсвөр насны тамирчид БНСУ-ыг зорин олон улсын таеквондогийн тэмцээнд оролцохоор очоод байжээ.

Асуудлын гол нь сэжигтэн Б-г барьсан цагдаа нар таеквондогийн тамирчин А-ийн ахынх нь гэрт мөн дур мэдэн, зөвшөөрөлгүй нэгжлэг хийсэн бөгөөд тухайн үед цагдаа нар гэрээс нь хар тамхи хайн нэгжлэг хийсэн аж. Цагдаа нар хууль бусаар оршин суусан байж болзошгүй хэмээн сэжиглэн тамирчин А-г мөн баривчилжээ. Тухайн үед А Таеквондогийн олон улсын тэмцээнд оролцохоор Солонгост орж ирсэн гэсэн үнэмлэхийг үзүүлсэн боловч цагдаа нар гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй гээд цагдаагийн газар луу авч явсан байна.

Цагдаагийн газар А-г байцаахдаа "Хар тамхи хэрэглэсэн үү?", "Яах гэж Солонгост ирсэн" зэрэг гүтгэлгийн шинжтэй асуултууд асууж, А-ийн эцэг эх болон Таеквондогийн холбоонд сэжигтэн А нь хар тамхи хэрэглэсэн бололтой хэмээн мэдэгдсэн байна. Үүнээс болж А таеквондогийнхоо тэмцээнд оролцож чадаагүй байна. Тамирчин А-ийн гэр бүлийнхэн "CBS No Cut News" телевизэд өгсөн ярилцлагадаа, "Манай хүүхэд буруу зүйл хийгээгүй. Мөн цагдаа нар зохих ёсоор шалгаагүйгээр зогсохгүй өөр олон газар луу холбоо барьж, хүүг маань хар тамхичин мэтээр ойлгуулсан байна" гэжээ.

Цагдаа нар 7-ны үдээс хойш тамирчин А-г сулласан боловч анх удаа цагдаагийн хэлтэст байцаагдсан  түүний хувьд сэтгэл санааны хувьд асар их цочролд орж, их айсан талаар ар гэрийнхэн нь хэлсэн юм.

Тухайн үед баривчлгааг харсан оршин суугчид, "Хоёр цаг гаруй хугацаанд олон арван цагдаа ирж, барилгыг бүсэлсэн. Дэлгүүрээс өдрийн хоол хулгайлсан өсвөр насны хүүхдийг барихад ийм олон хүн оролцсон гэж төсөөлж ч чадахгүй байна" гэжээ. Ийнхүү өдрийн хоол хулгайлсан хэргээр баривчлагдсан Монгол өсвөр насны хүүхдүүдэд авсан арга хэмжээ, үйл ажиллагаа нь хууль бус, хүний эрх зөрсөн үйлдэл хэмээн тус улсын иргэд шүүмжилж байна.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө