Таван богд групп айлуудыг СӨХ-ийн төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар байрных нь лифтийг зогсоож, төлөөгүй айлуудыг гэрт нь оруулахгүй байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан оршин суугчид мэдээлэл хийлээ.
Иргэд, "Тус компани дэргэдээ Гэрлүг Виста Сервис ХХК байгууулж СӨХ буюу ашиглалт үйлчилгээний төлбөрийг харилцан тохиролцолгүйгээр өөрсдийн дураар мкв тутамд 2000 төгрөгөөр тогтоосон. Оршин суугчид тооцоолол хийж, бодит үнэ 735 төгрөг болох тооцоолол хийж өгсөн ч үл хэрэгсэж, зөвхөн хуримтлал, галын системийг мөнгийг түр хугацаанд хассан буюу 1350 төгрөг болгосон. Үүнийг нийт 440 айлаас 228 нь эсэргүүцэж, бодит үнэ тогтоох тухай албан шаардлага зургаадугаар сарын 18- нд хүргүүлсэн ч хариу өгөөгүй. Ийнхүү Таван богдын зүгээс өөрсдөө үндэслэлгүйгээр нэмсэн төлбөрөө бидэнд тулгаж, наймдугаар сарын 15, 16-наас эхлэн чипээ хааж эхэлнэ гэсэн хаагаад эхэлсэн байна. Мөн СӨХ-ийн төлбөрийг байрны метр.кв-аас шалтгаалан тогтоож байгаа нь хуульд нийцэхгүй байна" гэлээ.