Есөн эрдэний Жадамба гэх судар хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Есөн эрдэний Жадамба гэх судар хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид 2019 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 2018 он 2019 оны 9, 10 дугаар саруудад бусдын орон байран хууль бусаар нэвтрэн орж алт, мөнгөн эдлэл, бурхан, зургийн аппарат, хөөрөг, эртний эдлэл зэргийг хулгайлсан хоёр этгээдийг дайчлан баривчилжээ. Тэд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орогнож байхад нь илрүүлсэн аж.

Уг гэмт хэргийг үйлдсэн 1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар нь урьд өмнө энэ төрлийн гэмт хэргээс удаа дараа ял шийтгэл эдэлж байжээ. Гэмт хэрэгтэн Б нь 2009 онд орон нутгийн банкуудруу нэвтрэн орж сефи хулгайлж байсан хэргээр 10 жилийн ял эдлэж байсан бөгөөд  дахин гэмт хэрэг үйлдсэн, мөн Ш, Б нар нь урьдчилсан мэдүүлэгтээ нийт хулгайн 40 үйлдлийг мэдүүлээд байгаа юм.

Дээрх хоёр этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэргийн газруудаас хулгайлсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Мөн Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Дундговь аймаг Сайнцагаан суманд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б гэрт хулгай орж 500 гаруй жилийн өмнөх Есөн эрдэний Жадамба гэх судар алдагдсан хэргийг энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгийн цагдаагийн хэлтэстэй хамтран илрүүлсэн байна.

Уг хэргийг 1994 онд төрсөн Дундговь аймгийн харьяат И үйлдсэн болохыг тогтоож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шалгаж байна. Мөн уг судрыг ашиг олох зорилгоор худалдан авсан нийслэл хотод оршин суух хаягтай М,М нарыг батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.