Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн ринг дэх хоёр дахь тулаандаа хайнцжээ

Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн ринг дэх хоёр дахь тулаандаа хайнцжээ

Мэргэжлийн боксын рингэнд анхны тулаандаа /2019 оны 10 дугаар сард/ ялсан сонирхогчдын боксын Дэлхийн оюутны “Универсиад-2013” наадмын хүрэл, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт , “Рио-2016” Олимпийн наадамд хүч сорьсон, “Жижиг Үүеэ” хэмээгддэг Ганхуягийн Ган-Эрдэнэ ням гарагт буюу 12 дугаар сарын 15-нд мэргэжлийн бокс дахь хоёр дахь тулаанаа хийж хайнцжээ.

Филиппиний Женерал Сантос хотноо Г.Ган-Эрдэнэ нутгийн боксчин , 26 настай Жерри Табаготой зургаан раунд тулалдаж, илт давуутай байсан ч шүүгчид хоёр боксчинд адилхан оноо өгч, тулааныг хайнцсан гэж үзжээ.

Спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /АНУ “Таван цагираг”/ энэ тулааны талаар Г.Ган-Эрдэнийн промоутер Энди Кимтэй холбогдож, тодруулахад: “ Миний хувьд энэ тулааныг биеэр очиж үзэхээр төлөвлөсөн ч зарим нэг шалтгаанаар Филиппинд очиж чадсангүй. Гэхдээ багийнхаа хүмүүсээс нарийн тодорхой мэдээлэл авсан, бичлэг үзсэн. Ган-Эрдэнэ илт илүү тулалдсан. Тулаан яг төлөвлсөн цагтаа эхлээгүй, газар хөдлөлтийн улмаас тодорхойгүй шалтгаанаар хойшлогдож байгаад эхэлсэн. Яг тулааны үед Ган-Эрдэнийн дасгалжуулагч дэргэд нь байгаагүй, гарын боолт, зарим хэрэгсэл нь ч байгаагүй учир Ган-Эрдэнэ өмнө нь тоглосон боксчноос гар ороосон нойтон боолтыг нь гуйж хэрэглээд рингэнд гарсан. Үүнээсээ болж хоёрдугаар раундад гартаа гэмтэл авсан. Ийм нөхцөл байдлаас тулааныг цагаас өмнө дуусгаж чадсангүй. Энэ тулаан нэг ёсны сургамж боллоо, бүх нөхцөл байдлыг тооцох, бэлэн байх асуудал дутуу байв. Гэхдээ Ган-Эрдэнэ шилдэг тулаанч гэдгээ харуулсан. Түүнд тун удахгүй WBC Asia champion болох боломж байгаа” гэжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг