Д.Ганбат өөрийгөө “ҮБХ-ны дарга” хэмээн нэрлэж хурал үймүүлж эхэлсэн бол, АН-ын ЕНБД-д Ч.Өнөрбаяр, Я.Санжмятав, Х.Тэмүүжин нар яригдаж байна

Д.Ганбат өөрийгөө “ҮБХ-ны дарга” хэмээн нэрлэж хурал үймүүлж эхэлсэн бол, АН-ын ЕНБД-д Ч.Өнөрбаяр, Я.Санжмятав, Х.Тэмүүжин нар яригдаж байна

Энэ сарын 28 /2023.08.28/-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал зарлагдсан. Энэ удаагийн хурлаар АН-ын тэргүүн дэд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/, дэд дарга нарыг томилно гэх ҮБХ-ны дарга Ж.Батсуурь гэсэн тушаал гарсан байдаг. Гэтэл сүүлийн 8 жил гудамжинд лааз өшиглөж яваа тус намын зарим гишүүд “албан тушаал” яригдаж эхэлмэгц дотоод маргаан, тэмцлээ эхлүүлжээ. 

Ж.Батсуурийн гаргасан ҮБХ-г хуралдуулах тушаал. 2023.08.01

-“Д.ГАНБАТ ҮБХ-НЫ ДАРГА” ГЭЖ НЭРЛЭЭД ДАРАА НЬ ЦАХИМ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛСАН ХЭМЭЭН ӨГСӨН НЭРЭЭ С.ЭРДЭНЭ БУЦААН АВЧЭЭ-

Тухайлбал,  Ж.Батсуурь АН-ын ҮБХ-ны хурлыг зарлах эрхгүй, намын дарга Л.Гантөмөр зарлах ёстой гэж зарим гишүүд нь үзэж байгаа бол, нөгөө талд УИХ-ын гишүүн Д.Ганбат ҮБХ-ны гишүүдийн дунд олон чат групп нээж, мөн С.Эрдэнээс авсан “Үндэсний бодлогын хороо” гэсэн тамга ашиглан, өөрийгөө ҮБХ-ны дарга хэмээн нэрлэж Улсын дээд шүүх /УДШ/-д хүсэлт явуулаад байгаа аж. Харин “Д.Ганбатын ард С.Эрдэнэ байж болзошгүй” гэх бөгөөд тэрбээр УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хандан, “Үндэсний бодлогын хорооны ирцийн мэдээлэл болох 9 хуудас материалыг хуулбарлаж ирүүлнэ үү” гэсэн хүсэлтийг ч гаргасан байна. 

Сонирхуулахад, АН-ын дүрэмд ҮБХ-ны дарга гэсэн албан тушаалыг С.Эрдэнэ өөртөө зориулж бий болгосон гэдэг. Улмаар ҮБХ-ны дарга нь тус хорооны хурлыг зарлахаас гадна, нам нь сонгуульд ялсан тохиолдолд шууд УИХ-ын дарга болно хэмээн дүрэмдээ зааж өгсөн албан тушаал аж. Харин УДШ-ээс “АН-ыг итгэмжлэлгүй төлөөлөх хүн байхгүй” хэмээн удаа дараа мэдэгдсээр байтал С.Эрдэнэ шийдвэр гаргаж “Д.Ганбатыг АН-ын ҮБХ-ны дарга” хэмээн нэрлэсэн. Харин дараа нь буюу энэ оны нэгдүгээр сар /2023.01/-д “цахим сонгууль” гэгчийг С.Эрдэнэ зохион байгуулж, “АН-ын даргыг тодруулах цахим сонгууль”-ийн дүнгээр Д.Ганбат 20 гаруй мянган хүний санал авч ялалт байгууллаа гэж мэдэгдэж “батламж” өгч байв. 

Товчхондоо, Д.Ганбат АН-ын ҮБХ-ны дарга биш бөгөөд хэрэв өөрийгөө мөн гэж үзэж байгаа бол С.Эрдэнэ түүнд “АН-ын дарга” гэсэн утгатай батламж аваад түүнийг “ҮБХ-ны дарга” гэсэн нэрээс нь салгасан гэсэн үг.

АН-ын даргыг тодруулах "цахим сонгууль"-д ялалт байгуулсан гэх Д.Ганбатад С.Эрдэнэ батламж гардуулав. 2023.01

Хамгийн ноцтой нь, Д.Ганбатыг АН-ын даргаар тодруулсан цахим сонгуулийн программ болон явцыг С.Эрдэнийн төрсөн дүүгийн хүү Б.Энхмөрөн гэх залуу хариуцан ажиллуулдаг. Иймд “С.Эрдэнэ цахим сонгууль гэгчээр залилан хийсэн” хэмээн АТГ, цагдаагаар түүнийг шалгуулахаар Л.Гүндалай гомдол гаргаж байсан удаатай. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-Х.ТЭМҮҮЖИН, З.НАРАНТУЯА, Ц.БААТАРХҮҮ НАР С.ЭРДЭНИЙН АН-Д ДЭД ДАРГА, ЕНБД-ЫН АЛБАН ТУШААЖ ХАШИЖ БАЙСАН ТУЛ СОНГУУЛЬД ЯЛАГДУУЛСАН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЁСТОЙ” ГЭЖЭЭ-

Дээрх өгүүлсэн тэмцэл, зөрчлийн ард мэдээж УИХ-ын 2024 оны сонгуульд АН-аас хэн хэдэн хүн нэр дэвшүүлэх вэ гэсэн далд өрсөлдөөн явж байгаа нь ойлгомжтой. Тэгвэл энэ сарын 28 /2023.08.28/-ны өдөр болох хуралд АН-ын 474 ҮБХ-ны гишүүн оролцох аж. Харин энэ хурлаар Ерөнхий нарийн бичгийн дарга /ЕНБД/-д нэр дэвшүүлэх хүний нэрээ АН-ын дарга  Л.Гантөмөр оруулж ҮБХ-ны гишүүдээрээ батлуулах ажээ. Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр мэдэгдэхдээ “АН-ын ЕНБД-д нэг хүнийг дэвшүүлнэ. Хоёр хүний нэр оруулж хооронд нь өрсөлдүүлэхгүй” хэмээжээ. Тэгвэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа, Я.Санжмятав, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Ч.Өнөрбаяр, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү нарын нэр яригдаж байгаа аж.

Харин Х.Тэмүүжин, З.Нарантуяа нарын хувьд С.Эрдэнийг АН-ын албан ёсны дарга байхад нь тус намын дэд дарга, Ц.Баатархүүгийн хувьд С.Эрдэнийн АН-ын ЕНБД байсан тул 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулсан хариуцлагаа хүлээж ЕНБД-аар сонгогдох боломжгүй гэж гишүүд нь үзэж байгаа аж. 

Сонирхуулахад, С.Эрдэнийг АН-ын албан ёсны даргаар ажилласан 2017-2020 оны хугацаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, З.Нарантуяа нар АН-ын дэд даргаар ажиллаж байсан бол сонгуулийн өмнөхөн Ц.Баатархүү тус намын ЕНБД-аар томилогдож, 2020 оны УИХ-ын сонгуульд ороод ялагдаж байсан билээ. Харин АН-ын дүрэмд УИХ-ын сонгуульд ялагдуулсан намын дарга, дэд дарга, ЕНБД нар хариуцлагаа хүлээж намын удирдах албан тушаалыг дахин хашихгүй гэсэн утгатай дүрмийн зохицуулалт байдаг аж. Харин Л.Гантөмөр эдгээр гишүүдийн хэнийг АН-ын ЕБНД-д нэр дэвшүүлж, ҮБХ-ны хурлаараа батлуулах талаарх мэдээллийг одоогоор өгөхгүй байгаа ажээ. Харин Ч.Өнөрбаярын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан бол, Я.Санжмятавын хувьд Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад түүний Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр хэдэн сар ажиллаж байжээ. 

Д.Ганбатын Улсын дээд шүүх рүү явуулсан хүсэлт. 2023.08.18