Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Энэ жил Монгол Улсаар тогтохгүй дэлхийн хэмжээнд их үерийн жил боллоо. Их үерийн улмаас олон газар эд хөрөнгийн хохирол учирч, дөрвөн хүний амь нас үрэгдсэн. Амиа алдсан иргэдийн ар гэрд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн үерийн аюулаас ард иргэдээ хамгаалж чадаагүй, хохирол учруулсандаа усны салбараа төлөөлөөд уучлалт гуйя.
Усны салбарынхны айдаг хоёр аюул байдаг нь үер, ган хоёр юм.
Хамгаалалтын бүс дэх айл өрхийг нүүлгэж, байшин барилгыг чөлөөлж, нураана гэдэг нь амьдарч буй ард иргэдийн ирээдүйд учирч болох аюулаас сэргийлэх ажил.
Нийслэлд энгийн хамгаалалттай бүсэд 20 гаруй мянган айл өрх, Онцгой хамгаалалтын бүсэд 2,900 хашаа, 2,400 гаруй байшин байна.
Хамгаалалтын бүс гэхээр хүмүүс зөвхөн голын хамгаалалтын бүсийг ойлгодог. Гэвч наймдугаар сарын 5-ны үер жалгаар урсаж орж ирсэн уснаас болсон. Өөрөөр хэлбэл ус байхгүй ч гэсэн хуурай сайр жалга байгаа газарт ойр буусан айлуудыг нүүлгэх, үерээс урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Иймд хамгаалалтын бүсийг хэрэгжүүлэх зорилгоор усны газраас нэр бүхий 4-5 газар шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, Замын цагдаагийн газруудаас хамгаалалт бүсэд байгаа айл өрх, ААН байгууллагууд руу машин орж гарах гарцыг хаах хүсэлт хүргүүлсэн. Мөн УСУГ руу усаар хангахгүй байх, цахилгаанаар хангахгүй байх, дулаанаар хангахгүй байх зэрэг хүсэлт хүргүүлсэн" гэлээ.