“Ээ дээ хүний амь ахархан юм байна шүү, биеэ бодож тэр эрт илрүүлэгт орж үзээрэй та нар минь”

“Ээ дээ хүний амь ахархан юм байна шүү, биеэ бодож тэр эрт илрүүлэгт орж үзээрэй та нар минь”

Нөхөр бид хоёр золоор нэг их өвчин зовлон ээрээд байдаггүй болохоор ч тэр үү эмнэлэг домнолгоос жаахан хол. Хаа нэг хоолой ам өвдөхөөр ихэнх хүмүүсийн адил дур мэдэн эм тан аваад уучихдаг, ерөнхийдөө өөрсдийгөө эрүүл саруул гэж итгэж найдаж явдаг хүмүүс л дээ.

Өнгөрсөн жил зарлагдсан бүх нийтийн эрт илрүүлэг, оношилгоог анх сонсоод овоо шдээ гэж бодсоноос биш очиж үзүүлье, шинжлүүлье гэж бодсонгүй. Цахимаар зарим хүмүүсийн ...Байдаг л ерөнхий шинжилгээнд татварын мөнгө үрээд, бас л нэг идэж уухын шалтаг байх даа... гэсэн сөрөг сэтгэгдлийг уншаад нээрээ ч тийм юм уу гэж бодоод өнгөрлөө. Гэтэл нэг явдал нөхөр бид хоёрын эрүүл мэндийн талаарх үзэл бодлыг орвонгоор нь өөрчилсөн юм.

Миний ээж 1980 онд илгээлтийн эзнээр байгууллагатаа анх ирээд 30 гаруй жил ажиллажээ. Энд тэндээс ирсэн шижигнэсэн залуус яг тэр байгууллагатаа 30-40 жил хамтдаа ажиллаж, амьдарч жаргал зовлонгоо хуваалцан бие биетэйгээ нөхөрлөн ах, дүү шиг дотноссон байна. Ээж анги цехийнхээ үеийн хэдэн хүүхнүүдтэй найзална. Хатгамал хатгаж, хувцас нэхнэ, ногоо дарцгаана. Тэр үеийн ээж нар бие биеэсээ олдохгүй, ховор өнгийн ноосон утас гуйцгааж, тэр гуйлгад мань мэт зөндөө явсан даа. Варенийн шилний таг дарагчийг олон ч айл руу зөөсөн, тийн явахдаа тарьсан адал явдал ч олон байлаа.

Одоогийн бидний найзууд шиг гадуур гарч ресторанд хооллож, дарс шимж хов базах тухай ойлголт байдаггүй байсан. Ээжийн найзуудын дунд Лацандоржийн Лхагвасүрэн гэж дүүхэлзсэн өндөр эгч байдаг байв. Жаахан ярвагардуу хэр нь бүх зүйлийг төгс төгөлдөр, цэвэр цэмцгэр байлгана. Хааяа нэг ээжийг дагаж гэрт нь ороход их л чамин айл байдаг сан. Хоол унд, аяга таваг хийгээд тарьсан цэцэгс нь хүртэл уран гоё. Үг яриа нь донжтой, шооч. Нэг тийм сайхан эмэгтэйтэй миний ээж олон жил найзалж нөхөрлөж явна. Мэдээж ээж тэтгэвэртээ гараад хот хүрээ нүүснээс хойш тэдэнтэйгээ тоотойхон уулздаг болсон л доо.

Энэ жил ээж маань Төрийн дээд одон медалиар энгэрээ цоолж, уулзаагүй удсан найз нөхдөө урихаар боллоо. Том охины хувиар би найзуудтай нь холбоо тогтоож урилга тараах үүрэг авав. Эгч нарын утсыг жагсааж бичээд эхнээс нь ярьж эхэллээ. Амар мэндийг мэдэж, учир байдлыг тайлбарлаад урилгаа дуулгалаа. Бүгд нэг л дурамжхан, ...Лхагваатай ярьсан уу гэж өөдөөс асууж байна. Жагсаалтын сүүлд Лхагваа эгч байсан болохоор үгүй гэдгээ хэллээ. Ер нь л бүгдээрээ дараа болъё гэх утгатай хариу хэллээ шүү. Яагаад Лхагваа эгчийг асуугаад байгааг гайхаж цөхөөд юу ч болсон түүнтэй ярихаар шийдлээ. Хэзээний хатуу чанга, эрхэмсэг нэгэн болохоор дуу шуу нь ч гэсэн цовоо цолгиун байдаг Лхагваа эгчийн дуу энэ удаа харилцуурын цаанаас сонсохтой үгүйтэй дуулдана. Ойр зуурын мэнд ус, ажил төрөл ярилцсаны дараа ярьж байгаа учраа тайлбарлалаа даа. Гэтэл Лхагваа эгч хавдрын хүндхэн хагалгааны дараах үедээ байгаагаа хэлэв. Насаараа дутагдаж гачигдахын зовлон үзээгүй шахам, хөдөө гадаанаас идэш ууш, идээ цагаа нь ирчихдэг, хань ижил нь аль социализмын үеэс ганзага наймаа хийн юухан хээхэн панз үсэргэчихдэг овоо сүйхээтэй эр байсныг нутгийнхан андахгүй. Хүүе хаая гэх ах дүү ч олонтой, үргэлж гэр орноор нь хол ойрын зочин гийчин хөлхөлдөж байдаг Лхагваа эгч саяхан л эрүүл саруул энх тунх байгаагаа мэдэгдэж мэнд мэдэж байсан нь нүдний өмнүүр үзэгдэх шиг болов. Ээжээс минь ялгаа юу байхав, амьд мэнд байхад нь мэнд мэдсэндээ гэнэт баярлалаа. Хөөрхий Лхагваа эгч өнгөрсөн оныг болтол яг л сайхан эрүүл энх явж байж, ер нь хагалгаанд орохдоо ч сэтгэл санааг эс тооцвол эрүүл хүн шиг байсан гэнэ.

Гэтэл аль тавдугаар сарын нэгнээс зарлагдсан эрт илрүүлэгд олон хүний шахалтаар дуртай дургүй хэзээ хойно 11 сард хамрагджээ. Ходоодны хорт хавдар гэдэг санаанд оромгүй онош сонсоод мэл гайхаж цэл хөхөрснөө ч ярив. Хүн эхэндээ итгэдэггүй юм байна, үзлэгийн хуудсаа бариад ...би чинь эв эрүүл яваад байгаа шдээ, энэ онош яг зөв үү гээд олон ч эмчид үзүүлж. Харамсалтай нь үнэн, гэхдээ эрт илрүүлгийн ачаар нэгдүгээр шатанд нь мэдсэн байна. Анхан шатанд нь илрүүлсэн юм болохоор бие хаа нь өөрчлөлтгүй яваад байж л дээ. Тэгээд оношоо эрт мэдсэний ачаар хагалгаанд ороод одоо нэг үеэ бодвол бие нь сайхан болж, ус уух хувьтай байснаа хэлж байна. “Ээ дээ хүний амь ахархан юм байна шүү, та нар биеэ бодож тэр эрт илрүүлэгд орж үзээрэй” гэж надад захилаа.

Амьд байхад юу ч боломжтой юм байна, дулаарахаар бие хаа ч сайхан болно тэгээд ээж дээр нь очноо гэж хэлүүллээ. Утсаа таслаад хэсэг бодлогоширч суув. Хүний амь гэж ер нь юусан билээ. Хэн ч байсан одоо хийж, бүтээж, зорьж байгаа бүхэн нь ор үгүй болж, бие үгүй болно. Тэгээд л гүйцээ. Үзүүлэх ёстойгоо мэдсээр байж нөөц амьтай юм шиг аашилдаг байснаа санаад өөртөө гомдож уйлмаар ч юм шиг болоод ирлээ. Хүн гэдэг цагаа тулахад аминдаа учиргүй хайртай аж. Амьдралд юу чухал болохыг, өвчин гэдэг хэнд ч хэлж ирдэггүй аюултай эд болохыг тунгаав. Боломж байсаар байхад ангайж суугаад хайран амиа өгөх гэж байгаа юм биш биз гэж бодсон даруйд ээжтэй ярьж болсон явдлыг хэлээд эрт илрүүлгийн талаарх мэдээллийг эрчимтэй хайж үзлээ.

Аль 2015 оноос эхлэн хэрэгжиж байгаа эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд манайхан нэг л идэвх муутай оролцдог юм байх. Өнгөрсөн жил тавдугаар сарын нэгний өдрөөс орон даяар зарлагдсан Бүх нийтийн эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд энэ оны наймдугаар сарын 31-ний байдлаар нийт 1,110,662 хүн хамрагджээ. Эдгээр хамрагдсан хүмүүсээс 774,702-т нь ямар нэг өвчлөлийн сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд хавдрын 6144 тохиолдол урьдчилан илрүүлсэн гэсэн аймшигтай тоо гарсан байна. Эндээс мэргэжилтнүүд өвчлөлийн 5 тэргүүлэх шалтгааныг тогтоожээ.

Үүнд:

  1. Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин
  2. Дотоод шүүрлийн бодисын солилцооны өвчин
  3. Шээс бэлгийн замын эрхтэн тогтолцооны өвчин
  4. Зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчин
  5. Амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчин

0-17 насныхан 6 төрлийн үзлэг, шинжилгээг анхан шатны буюу өрхийн эмнэлэгт, 18-аас дээш насныхан 9 төрлийн хавдрыг илрүүлэх, нийт 19 нэр төрлийн үзлэг, шинжилгээг улсын болон хувийн эмнэлэгт өгч эрт илрүүлэгд хамрагдахаар заажээ. (Эх сурвалж: ЭМ-ын яамны хэвлэлийн төлөөлөгч)

Нөхрөө ажлаас ирэхэд хэнтэй ярьж, юу сонссоноо, бас юу бодсоноо ч ний нуугүй нэг амьсгаагаар ярьж амжив. Ер нь би бусдад аливаа зүйлийг ихэд сэтгэл хөдлөлтэй яриад сурчихсан болохоор итгэл үнэмшил төрүүлэхдээ ч сайн юм шиг байгаа юм. Бас дээр нь олон жил нэг тогооноос хооллож, нэг асуудал бэрхшээлийг хамтдаа даван туулсаар бодож сэтгэх нь ч ижил болчихдог шиг санагддаг. Нөхөр миний ярьсныг сонсоод бас л хэсэг бодолхийлж суув. Тэгснээ чи судлаадхаач, тэр эрт илрүүлэгд нь бушуухан хамрагдъя гэж байна шүү. Харин би аль хэдийн асууж сураад хорооныхоо хэсгийн зохион байгуулагчтай холбогдож оочир дугаарт бүртгүүлснээ хэллээ. Бүртгүүлсэн жагсаалтын дагуу утсаар холбогдож хэдний өдөр хаана илрүүлэгд хамрагдахыг урьдчилан хэлж өгөх юм байна.

Манай хорооныхон ойрхон хувийн эмнэлэгт эрт илрүүлэгдээ орж байгаа гэнэ. Ингээд нэг их хүлээсэнгүй, бидний ээлж ирснийг зохион байгуулагч залгаж хэллээ. Хэд хэдэн өөрчлөлт гарсныг эс тооцвол ер нь дажгүй оноштой гарсанд нөхөр бид хоёр жигтэйхэн урамтай байв. Ээж, дүү хоёр ч гэсэн шуурхайлан эрт илрүүлэгдээ хамрагдсан.

Лхагваа эгчийнхээ ачаар бид гэр бүлээрээ Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж байгаа Эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамрагдаж өөрсдийнхөө эрүүл мэндийг баталгаажуулан улам ч эрч хүчтэй, итгэлтэй амьдрах болсон. Эрүүл явбал 1000 лан гэдэг. Та нар ч гэсэн улс эх орноос үзүүлж байгаа энэ боломжийг ашиглан нарт хорвоод амьдрах өдрөө уртасгаж амьдралын чанараа дээшлүүлээрэй гэж уриалж байна.