ВИДЕО: Байгаль хамгаалагчдын өсгөж буй Дондог, Дулам нэртэй бамбарууш биеэ даах чадвартай болсон тул байгальд нь тавихаар яаманд хүсэлт гаргажээ

ВИДЕО: Байгаль хамгаалагчдын өсгөж буй Дондог, Дулам нэртэй бамбарууш биеэ даах чадвартай болсон тул байгальд нь тавихаар яаманд хүсэлт гаргажээ

Ан амьтан, зэрлэг байгалиа хайрлаж хамгаалах нь алсдаа бидний дэлхийн эрүүл мэнд, хувь хүний хөгжил, сэтгэхүйн эрүүл нийгмийг бүтээх гол тулгуур тул бид үзэгч, уншигчдаа ан амьтан, байгаль экологийн эерэг, танин мэдэхүйн сонирхолтой үйл явдлуудыг сорчлон хүргэдэг. Энэ хүрээнд бид өнгөрсөн зургаадугаар сард эхээсээ төөрсөн хоол тэжээлээ олж идэх чадваргүй хоёр баавгайн бамбаруушийг байгаль хамгаалагчид орон нутгийн иргэдийн хамт өсгөж буй талаар мэдээлсэн.

Тус үйл явдлын талаар дурдвал, Эхээсээ өнчирч өлссөн хоёр баавгайн бамбарууш малчин айлд очиж, малчид тэдэнд сүү өгснөөр хүнээс холдохоо байсан талаарх дуудлага мэдээлэл Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өнгөрсөн дөрөвдүгээр сард ирсэн байдаг. Улмаар бамбаруушуудыг айлын өвөлжөөнөөс шилжүүлэн авч өөрсдийн захиргаанд тэжээж эхэлжээ. Ингэхдээ ан амьтны байгалийн зэрлэг араншныг нь сэргээж, эрүүл өсгөж бие даах чадвартай болохоор нь байгальд тавихаар ажиллаж буй.

Энэ талаар Байгаль хамгаалагчид ярихдаа "Бамбаруушаа Дулам, Дондог гэж нэрлэсэн. Тэжээхдээ мэргэжилтнүүдийн арга зүйн зөвлөгөө мэдээллээр арга хэмжээ авч байна. Одоогоор ганц тулгамдаж буй асуудал нь бамбаруушуудаа хооллох төсөв байхгүй учир өөрсдөө хооллодог. Ингэхдээ хааяа нутгийн үхэртэй айлууд хоёр бамбаруушдаа өгөөрэй гэж сүү авчирч өгнө. Мөн бид 65 км явж Эрдэнэтийн худалдаачнаас хоёр бамбаруушид өгөх жимс үнэгүй авдаг" хэмээсэн юм. 

Иймд хоёр бамбарууш хэрхэн өсөж байгаа. Байгальд нь тавих боломжтой эсэх талаар Зэд Хантайн бүтээлийн нурууны Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Оюунсүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

 

-Бамбаруушууд нэрээ мэддэг үү. Дуудахад харж байна уу?

-Дондог, Дулам гээд дуудахаар ерөөсөө мэдэж байгаа юмгүй зогсож байдаг. Нэрээ мэдэхгүй ээ.

-Дондог, Дулам хоёрын хэдэн сар хүрч байгаа гэж үзэж байна. Өмнө нь хэтэрхий жаахан байсан тул насыг нь таамаглаж л байсан шүү дээ.

-Тиймээ. Бид одоогоор хоёр бамбаруушаа долоон сар хүрсэн гэж харж байгаа.

-Өдөрт хэдэн удаа хооллож байна. Юу юу өгдөг вэ?

-Бид өдөрт гурван удаа хооллодог. Ингэхдээ төмөр лаазтай молоко хоёрыг, талх, муудсан жимс өгдөг. Мөн сүү уусан хэвээр байгаа тул зарим үед орон нутгийн айлуудаас ирсэн сүүг өгнө. Сүү бага үед молокогоо сүүтэй холиод өгдөг.

-Өмнө нь ярилцаж байхад төсөв тавьж өгөх хүсэлт гаргасан ч татгалзсан хариу ирсэн тул өөрсдийн зардлаар тэжээж байгаа гэж байсан. Бамбаруушуудыг хоол хэрэглээнд хэдэн төгрөг зарцуулав?

-Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нийт нэг сая 500 мянга орчим төгрөгийг зөвхөн хүнсэнд нь зарцуулсан.

-Дондог, Дулам хоёр хүнд дасаж байгаа юу. Зэрлэг араншин нь сууж байгаа юу?

-Одоо бол ер нь нэлээд ааштай болсон. Зэрлэг авир нь гараад хоол өгдөг хүмүүсээс бусад буюу өөр хүн ойртоход элдэв дуу гаргадаг учир нэг хүн л өдөр бүр хоол өгч байгаа. Тэр хүндээ бол сайн.

-Байгальд нь хэзээ тавихаар төлөвлөж байна. Бамбаруушуудыг бэлэн болсон гэж үзэж байгаа юу?

-Тиймээ. Дондог, Дулам хоёр маань бүрэн биеэ даах чадвартай болсон. Тиймээс байгальд нь тавих болсон гэж үзээд БОААЯ-нд хүсэлт явуулсан ч хариу ирээгүй тул хүлээлтийн байдалтай байгаа.

-Хооллолтын хувьд намар тавихад эрсдэл байгаа юу?

-Баавгайн бамбарууш учир арваннэгдүгээр сар гээд ичээндээ ордог. Тиймээс эрт тавихгүй бол байгальдаа дасан зохицохгүй байх. Хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй. Уг нь наймдугаар сард тавьсан бол хамгийн таатай нөхцөл байсан гэж бодож байна. Одоо бол жимс ч байхгүй болж байгаа болохоор самартай газар тавих юм бол идшээ хураах боломжтой гэж үзэж байгаа.

-Байгальд нь тавихдаа тусгай хамгаалалтай газар тавьж, байгальдаа дасах эсэхийг нь судлах уу?

-Мэдээж тэгнэ гэж бодож төлөвлөж байна. Гэхдээ яамнаас албаны хүмүүстэй хэлэлцэж шийдвэрлэх байх аа. Эдгээр асуудлыг байгальд нь тавихдаа ярилцаж, шийдвэрлэнэ.