Хятадууд "Тамгагүй төр" жүжгийг ӨМӨЗО-д тоглуулах зөвшөөрлийг өгсөн атлаа театрынхаа цахилгааныг тасалж, өвөрмонголчуудыг үзэхийг хоригложээ

Хятадууд "Тамгагүй төр" жүжгийг ӨМӨЗО-д тоглуулах зөвшөөрлийг өгсөн атлаа театрынхаа цахилгааныг тасалж, өвөрмонголчуудыг үзэхийг хоригложээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд англи, орос, солонгос, япон гээд дэлхийн зургаан хэл дээр нийт 143 удаа тоглогдож, 100 мянган үзэгчдэд хүрээд байгаа “Тамгагүй төр” монгол драм БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орон /ӨМӨЗО/-ны Ордос хотод энэ өдрүүдэд /2023.09.19-21/ тоглогдох байсан ч Хятадын тал тодорхой бус шалтгааны улмаас тоглуулахгүй байгаа ажээ.

Энэ талаар бид Өвөрмонгол иргэдээс тодруулахад, “"Тамгагүй төр" жүжгийг ӨМӨЗО-нд тоглож болно гэсэн албан ёсны зөвшөөрлийг Хятадын засаг захиргаанаас өгсөн. Ингээд тус жүжиг Хөх хотод тоглогдохоор болж, тасалбараа борлуулж эхэлсэн чинь Хятадын дарга нар "Хөх хотод коммунист намын яаралтай хурал болохоор болчихлоо. Та бүхэн Ордос хотод тоглочих" гэсэн. Иймд “Тамгагүй төр” жүжгийг зохион байгуулагчид Хөх хотод арилжсан тасалбаруудаа буцааж хүмүүс өгөөд энэ сарын 19-21 ны өдөр Ордос хотын Эзэн Хороо Их театрт тоглохоор болсон. 

Гэтэл жүжгийн бэлтгэл, сургуулилт явагдаж байхад нь Ордос хотын театрт ус алдах зэргээр тоглолтыг болиулах гэж оролдсон.

Ингээд "Тамгагүй төр" жүжиг тоглогдох товлосон цаг болоход Эзэн Хороо Их театрын цахилгааныг тасалж, өнөөдрийг хүртэл тогоор хангахгүй байна. Иймд “Тамгагүй төр” жүжгийн зохион байгуулагчид Ордос хотод гурав хоног тоглохоор борлуулаад байсан дөрвөн мянган билетээ буцааж байна” гэсэн тайлбарыг өглөө.

-ТАМГАГҮЙ ТӨР ЖҮЖИГ ӨВӨРМОНГОЛЧУУДАД НӨЛӨӨЛНӨ ГЭЖ ҮЗЭХИЙГ ХОРИГЛОСОН ШИЙДВЭРИЙГ ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧИД ГАРГАЖЭЭ-

Угтаа Ордос хотод тоглох тамгагүй төр жүжгийн тасалбар маш хурдан зарагдаж дууссан аж. Тэгвэл ӨМӨЗО-ы өнцөг булан бүрээс ирээд байсан үзэгчдийг үл хүндэтгэж, тоглолтыг гэнэт зогсоосон шалтаан нь “БНХАУ-ын эрх баригчдыг шийдвэр” байсныг Хятадын хэвлэлд мэдээлж байна.

Тухайлбал, Хятадын RFA дотоодын хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр, “Тамгагүй төр” монгол жүжгийг ӨМӨЗО-ы Ордос хотын Ижинхуолуо хошууны их театрт есдүгээр сарын 19-нөөс 21-ний хооронд тоглохоор төлөвлөж байсан ч олон зуун үзэгчид тоглолтыг талбай руу орохоос өмнө түр зогсоосныг мэдэгдсэн байна. Харин тоглолтыг зогсоосон шалтгаан нь эрх баригчдын шийдвэр байжээ. Мөн одоогоор “Тамгагүй төр” жүжгийн багийнхан тоглолтоо гаргах найдлага тээж холбогдох хүмүүстэй уулзаж байна” гэжээ.

Энэ талаар Ордос хотын сургуулийн багш Ву Юнчи Мүгэ, “Өвөр Монголын өнцөг булан бүрээс ирсэн үзэгчид тасалбар худалдаж авсан ч холбогдох газруудаас тоглолтыг түр зогсоосон. Монголын уран бүтээлчид тоглолт хийхээр төлөвлөж, нээлт эхлэхтэй зэрэгцэж "Ижинхуолуо хошуу" их театрын тог тасарч, тоггүйн улмаас түр зогссон. Энэхүү жүжгийг Монголд маш олон удаа тоглосон нь Өвөр Монголчуудыг үзэхээр зорьж ирэхэд ихээхэн нөлөө үзүүлсэн. Жүжгийг үзэхээр Шилийн голын үзэгчид болон Хөлөн Буйр лиг гээд бараг Өвөр Монголын өнцөг булан бүрээс хүмүүс ирж үзэхээр ирж, тасалбараа худалдаж авчихсан байсан” гэжээ.

Мөн дээрх шийдвэрийн дараа тоглолт цуцлагдаж тасалбар худалдаж авсан ч үзэж чадаагүй иргэд хятадын Douyin цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлжээ. Ингэхдээ “Монголоос жүжигчид ирж, иргэд тасалбар худалдаж авсан ч төрөөс тоглолт хийхийг зөвшөөрсөнгүй. Гэхдээ нэгэнт хорих байсан бол мэдэгдлээ эрт гаргаж, цагийн эртэд үйл ажиллагааг нь зогсоож болох байсан ч тулгаж халуун цэгт зогсоож буй нь хэдийгээр төрийн бодлого ч арчаагүй санагдаж байна” гэсэн байна.

Түүнчлэн “Тамгагүй төр” жүжгийг тоглохыг хориглосон гол шалтгаан нь;

  • ӨМӨЗО-д үндэстний цөөнхийн боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг онилсон "Монголын ерөнхий түүх"-ийг тавиур дээрээс хасаж, худалдаалахыг хориглосон. 
  • Өвөрмонголд соёлын цэвэрлэгээ эрчимжиж, эрх баригчид бага, дунд сургуулийн түүхийн сурах бичгүүдэд арга хэмжээ авч байгаа энэ үед баатарлаг, улс төрийн гүнзгий агуулгатай Монголын түүх, соёлын нэвт шингээсэн тул Монгол үндэстний үзэл баримтлал Өвөрмонголд тогтоосон хяналтад нөлөөлнө гэж Хятад улс санаа зовж байна гэж албаны эх сурвалжууд мэдээлснийг RFA агентлаг эш татан мэдээлэв.