“Монгол Улсын шүүхийн түүхэн товчоо 1911-2023” ном  хэвлэгдэн гарлаа

“Монгол Улсын шүүхийн түүхэн товчоо 1911-2023” ном хэвлэгдэн гарлаа

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Богд хаант Монгол Улсын шинэ засгийн таван яамны нэг Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэх яам байгуулагдсанаар орчин цагийн Монгол улсын шүүхийн эх суурь тавигдаж байжээ. Энэ яам нь шүүн таслах, эрх зүйн бичиг баримтын төсөл зохиох үндсэн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ захиргааны чиг үүргийг давхар гүйцэтгэж байсан баримтуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Шүүхийн ерөнхий зөвлөл буюу шүүхийн захиргааны байгууллагын 30 жилийн ойн босгон дээр ахмад ажилтан ном зохиогч Ж.Бямбацогтын “Монгол Улсын Шүүхийн түүхэн товчоон” ном хэвлэгдэн гарлаа.

Ж.Бямбацогт нь Ховд аймгийн Жаргалант хотод төрсөн, улсад нийт 36 жил үүний дотор төрийн байгууллагад 25 жил ажилласан, шүүх эрх мэдлийн байгууллагад 20 гаруй жил ажилласан эрхэм юм. Тэрээр 2019 онд Шүүхээс төрсөн гавьяат хуульчид, 2020 онд Бригадын генерал Т.Хүрэлбаатартай хамтран Монгол Улсын гавьяат хуульчид I, II боть ном бүтээл туурвиж байжээ.

Зохиогч энэхүү бүтээлдээ Монгол Улсын шүүхийн байгууллагын хөгжлийг 1911 оноос одоо үеийг хамруулан  өөрчлөлт, хөгжил дэвшил, бэрхшээл түүнийг даван туулсан талаар тодорхой бичсэн байна. 1992 онд шинэ үндсэн хууль батлагдсанаас хойших хугацааны хөгжлийг илүү дэлгэрэнгүй тайлбарлан бичжээ. Шүүхийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн талаар ахмад шүүгчид, эрдэмтэд, гавьяат хуульчид, хэлмэгдсэн шүүгчид гэж тодорхой ангилан тайлбарлаж бичсэн нь тун олзуурхууштай, энэхүү ном зөвхөн байгууллага, хүмүүсийн тухай түүвэрлэсэн эмхэтгэл биш гэдэг нь уншихад тодорхой харагдаж байна. Энэ ном нь судалгааны томоохон бүтээлийн чанартай болжээ. Зохиогч энэхүү номыг бүтээхдээ Монгол төрийн албан ёсны сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримт бичиг, түүхэн эх сурвалжийг тун хянуур судалсан байна. Энд их цаг хугацаа, нөр их хичээнгүй хөдөлмөр орсон нь тодорхой гэж Академич, Гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Хайртынхан Жүгнээ Амарсанаа дурджээ.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг уг номд өргөх үгэндээ:  Монголын шүүхийн түүх үе үеийн зүтгэлтнүүд, шүүгчид, албан хаагчдын нөр хөдөлмөрөөр амилж бүтсэн тул энэ бүтээл “түүх бүтээгчдийн түүх”-ийг өгүүлж, шүүхийн түүхийг архивын баримт, эх сурвалжид тулгуурлан бичсэн нь түүхэн хөгжлийг нэгэн дороос цаг зав хэмнэн тоймлон харахад дөхөмтэй болсон төдийгүй, хожмын түүхийг бүтээлцэх үеийнхэнд үл мартах дурсамж үлдээх нь дамжиггүй юм.

Хүмүүний амьдралын үнэн худал, буруу зөвийг дэнсэлж, шүүн тунгаах нь амаргүй бөгөөд хариуцлагатай алба билээ. Энэ албанд зүтгэж буй шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудаас мэргэжлийн өндөр ур чадвар, ёс суртахуун, шударга, хүмүүнлэг чанар, бүтээлч хандлагыг олон түмэн хүсэн хүлээдэг нь ч гарцаагүй. Олон түмний хүлээлтэд хүрч, итгэлийг төрүүлсэн, шударга ёсыг сахисан гагцхүү хууль дээдэлсэн шүүхийн түүхийг гар бие оролцон бүтээж буй Та бүхний ажил амьдрал өрнүүн сайхан байхын ерөөл өргөж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэжээ.

          Энэхүү бүтээлд шүүхийн байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан эрхмүүд,  алдар гавьяатнууд, ахмад ажилтнуудын цадиг, намтар, дурсамжийг онцолсон нь тус харьяаллын байгууллагад ажиллаж амьдарч байсан хүмүүсийн хувьд түүхийн намтар судлалын төрөл зүйлд хамаарах, эх сурвалжийн ач холбогдолтой бүтээл гэж үзэж болохоор байна. Монгол Улсад орчин цагийн шүүх, түүний дотор аль ч улсын шүүн таслах эрх, шүүх засаглалын оргил, хууль хэрэглээ, шударга ёсны дээд хэмжүүр, баталгаа болох Монгол Улсын Дээд шүүх хэрхэн хөгжиж ирсэн он цагийн түүхэн товчоог Үндэсний төв архив, тусгай чиг үүргийн байгууллагуудын архивын арвин баялаг сан хөмрөг, хууль цаазын эх сурвалж, бодит хүмүүсийн дурсамж яриа, албаны данс харааг ашиглан  цаг хугацаа, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл гарган бүтээснийг сайшааснаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг мөн номын өмнөтгөлд бичин үлдээжээ.

Ийнхүү Монголын шүүхийн 1911-2023 онд ажиллаж байсан үе үеийн хүндэт эрхмүүдийн түүх, дурдатгалыг багтаасан “Монгол Улсын Шүүхийн түүхэн товчоон” ном шинээр хэвлэгдэн гарч уншигч та бүхэндээ толилуулж байна.