Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг өмнө нь шалгарсан “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл 270 гаруй сая ам.долларт хийж гүйцэтгэнэ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг өмнө нь шалгарсан “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” компанийн түншлэл 270 гаруй сая ам.долларт хийж гүйцэтгэнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцсон. 

Тэрбээр энэ үеэрээ /2023.10.19/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан бөгөөд уулзалтын үеэр холбогдох албаныхан БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

-ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН НИЙТ ӨРТӨГ 270 ГАРУЙ САЯ АМ.ДОЛЛАР-

Тэгвэл тус төслийг өмнө нь шалгарсан БНХАУ-ын “Пауэр Чайна болон Пауэр Чайна Ченгду” /“Power Construction Corporation of China Ltd болон POWERCHINA Chengdu Engineering Corporation limited”/ компанийн түншлэл хийж гүйцэтгэнэ гэх мэдээлэл байна. Тус компани нь 270 гаруй сая ам.доллар буюу хамгийн бага үнээр барьж, туслан гүйцэтгэгчээр монгол компаниуд ажиллахаар гэрээлсэн тул энэхүү гэрээг цааш үргэлжлүүлж магадгүй байгаа аж. 

Удтал ярьж, багагүй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ямартай ч ийнхүү урагшлахаар боллоо. Өнөөдөр баруун бүсийнхэн эрчим хүчний нийт хэрэглээнийхээ дийлэнх хувийг дотоодын эрчим хүчээс 6-8 дахин өндөр үнэтэй импортын эрчим хүчээр хангадаг.

Өөрөөр хэлбэл баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ жилд 160 сая кВт.ц.  Үүний 40 хувийг Дөргөний цахилгаан станц үйлдвэрлэж, үлдсэн эрчим хүчийг ОХУ-аас 20 орчим тэрбум төгрөгөөр авдаг байна. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор уг 20 тэрбум төгрөг дотооддоо үлдэх боломжтой болж, эрчим хүчний өртөг буурч, олон ажлын байр бий болох юм. Мөн үйлдвэрлэл, усалгаатай газар тариалан, байгалийн аялал жуулчлал хөгжинө. Товчхондоо, баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мВТ бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 90 мВт хүчин чадалтай. Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай учир баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангаж, төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгийг ч мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм.