Б.Түмэннаст: Хүмүүс “Морьтой хятад эмэгтэй” гэсэн байсан. Үнэндээ би хоёр мянган км замыг мориор туулсан анхны монгол эмэгтэй, одонтой ээж шүү дээ /ВИДЕО/

Б.Түмэннаст: Хүмүүс “Морьтой хятад эмэгтэй” гэсэн байсан. Үнэндээ би хоёр мянган км замыг мориор туулсан анхны монгол эмэгтэй, одонтой ээж шүү дээ /ВИДЕО/

Би 42 настай морин спортынхон дундаа хамгийн хөгшиндөө ордог юм. Гэхдээ өөрийгөө хөгшин гэж боддоггүй л дээ. Түүнийгээ ч баталж хоёр мянган км замыг мориор туулсан Монголын анхны эмэгтэй болж, 21 аймаг есөн дүүргийн морин спортын тамирчидтай өрсөлдөж ноднин 39 цаг 36 минут 29 секундэд 34 мориор мянган км замыг туулж тус тэмцээний рекордыг шинэчлэн тогтоосон хэмээн ярих дөрвөн хүүхдийн ээж, энгийн нэгэн малчин эмэгтэйг Баатарын Түмэннаст гэдэг.

Түүнийг хурдан морины нуруун дээр бүргэдийн дэвэлтээр дарс худаглаж буй бичлэгээр нь олон түмэн таних болжээ. “Тэр бичлэгийг маань олон ч хүн сайхан сэтгэгдэл бичиж түгээсэн байсан. Би ч уг нь найзууд дундаа л нэг хөөрхөн мааз болгоод өнгөрөх байх гэж хийсэн бичлэг байсан юм. Гэтэл хоёр сая гаруй хүн үзсэн байна лээ. Хамгийн гоё нь түүнээс бараг 90 хувь нь урам авахуйц сайхан сэтгэгдэл үлдээсэн. Харин зарим хүмүүс ойлголтын зөрүүнээс болж жаахан шүүмжилсэн байсан. Бүр сонин нь хятад эмэгтэйчүүд л ийм тикток хийгээд байдаг. Энэ өвөрмонгол юм уу хятад эмэгтэй гэх яриа бичлэг ч тавигдсан байсан. Би чинь моринд хайртай жирийн нэг монгол эмэгтэй юм шүү дээ.

Дэлгэрүүлбэл Морин спортын мастер, Морьт харвааны багш дасгалжуулагч, малчин. Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Монголын анхны эмэгтэй жокей. Холын зайны уралдааны рекорд эзэмшигч. Ойрын зайны уралдааны гуравдугаар зиндаатай. Биеийн тамирын тэргүүний ажилчин. Ханмонгол клубийн тамирчин гээд явж өгнө өө гэж цангинасан цоглог дуутай, 40 насанд баймгүй сайхан бие, зүстэй монголжуу эмэгтэй инээвхийлэн ярьсаар iSee.mn сайтыг  Дархан-Уул аймгаас зорин ирээд байгаа нь энэ билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Юуны түрүүнд холоос зорин ирсэн танд талархаж буйгаа илэрхийлээд нөгөө өндөр хандалттай бичлэгээс яриагаа эхэлье. Яагаад тэр бичлэгийг хийх болов?

-Нэг өвөрмонгол залуугийн яг тийм цагаан өмд, хар цамцтай морин дээр дарс хундагалж байгаа бичлэгийг харсан юм. Тэгээд би чинь өөрөө морин спортын мастер хүн болохоор “за энийг ч ингэж хийхгүй ээ” гэх мэтийн юм бодоод хэдэн алдааг нь залруулаад яг тийм цагаан өмд хар цамц өмсөж байгаад хийнэ дээ гэж бодож байгаад хийсэн бичлэг.

-Алдаа гэдэг нь юуг хэлэв?

-Тэр өвөрмонгол залуу замаа байнга хараад байсан л даа. Мориндоо итгэхгүй байна гэсэн үг юм. Тэгээд дарсныхаа шилийг хажуу тийш шидэж байгааг нь хүмүүс бүдүүлэг гэж хүлээн авсан байсан. Ер нь нэг баригдмал гэх юм уу. Тэгэхээр нь би за энэ бичлэгийг хөл сайн морин дээр хурдтай давхиж байж хийх юм байна гэж хараад найзынхаасаа очиж хоосон шил авч байгаад ундаа хийгээд нэг л давхисан. Бичлэг маань болчихлоо л гэсэн. Би бол морин спортын дүү нартаа ур чадварын үүднээс уриалах санаатай хийсэн юм. Тэгээд дүү нартаа та хэд маань сүү аяглаж давхиарай гэж нийтэлсэн.

-Хүмүүсийн хандлага ямар байв?

-Ер нь л 90 хувь нь сайхан зүйлс бичсэн байсан. Олон дагагчтай алдартай хүмүүс гоё юм бичээд тараасан байсныг нь хараад баярлаж бас урам авч байлаа. Гэхдээ яг нөгөө согтууруулах ундааны тухай хуулийн талаар цахим орчинд шуугьж байх үед бичлэг маань таарчихсан юм байна лээ. Би ч яах вэ хөдөө малчин хүн юугаа мэдэх вэ дээ. Харин зарим сайт агуулгын өөрчилж олон нийтийн сүлжээнд тавиад архинд уриалсан гэх шүүмж бас жаахан явсан. Хүмүүс болохоор зарим нь хошигнож “хот хүрээнд ууж яллагдаж байхаар хүсвэл хөдөө очоод морины нуруун дээр уучихаж болох юм” гэсэн байсан. Энэ гэхдээ болохгүй шүү. Морь бараг машинтай дүйцэхүйц явах ч үе бий. Минийх бол ундаа байсан. Архи бол аюултай шүү гэдгийг хэрмээр байна.

-Моринд маш эрэмгий харагдаж байсан. Морь яаж унаж сурав. Хэзээнээс спорт болгон хөгжүүлж эхэлсэн бэ?

-Миний хувьд угийн малчин айлын хүүхэд байсан нь өв соёлоо тээж морь унах эхлэл болсон. Манай аав уяач хүн. Би дээрээ зургаан ахтай. Ээж маань мөн моринд их эрэмгийн хүн байсан. Тиймээс би багаасаа моринд ойрхон, унаж дуртай байсан. Ямар сайндаа айлын эхнэр болчхоод морь тарлах хүн байхгүй өөрөө морио тарладаг байлаа. Сумынхан маань намайг “сумтай л гэж боддог байсан” байх. Энэ мэтчилэн яах арга үгүй буюу дуртай байсан учраас одоог хүртэл морио унаад мэргэжлийн унаач болчихсон явж байна даа.

-Монголын одоогийн морин спортын хөгжлийг та юу гэж хардаг вэ?

- Манай залуус дэлхийд морьт харваан спортыг маш сайн хөгжүүлж байгаа. Манайхан сүүлийн хэдэн жил мэддэг болж, хурдтай хөгжих тийшээ хандаж байна. Морьт харваа бол хэдийн олон улсад хөгжөөд БНСУ ЮНИСКО-д өв хэмээн бүртгүүлсэн байгаа. Гэхдээ бидний хувьд дэлхийн тэмцээн уралдаанд энэ бол бидний цусанд өвлөгдөн ирсэн зүйл шүү гэдгийг харуулж, үргэлж аархаж үнэмлэхгүй ялалтуудыг байгуулдаг. Цаашид бидний амжилтаа ахиулж, өв соёлоо бүтгүүлэхээр л үзэх байх.

-Таны бичлэгт харагдаж байсан “бүргэдийн дэвэлт” гэх дэвэлтийн талаар сонирхуулаач. Монголчуудын л хийдэг дэвэлт гэж сонссон.

-Морьт харваан дэлхийн аварга н.Эрдэнэ гэдэг залуу бүргэдийн дэвэлт гэдэг дэвэлтийг гаргаж ирсэн. Гадаадууд сум харвах дохиогоо хүлээгээд сумаа сугалахад бэлдээд давхидаг бол монголчууд морин дээрээ дүүлж, хоёр гараа алдалж давхиад ганц оролдлогоор сумаа сугалж, харвадаг. Эрдэнээгийн гаргасан энэ дэвэлтийг бид үргэлжлүүлж, миний бие мянган км мориор туулах замын явцад далавчтай юм шиг хүлэг таарах болгонд бүргэдийн дэвэлтийг хийж аархаж явлаа. Бүргэдийн дэвэлтийг хийхэд маш хурдтай яваа морин дээр шумбан нисэж байгаа юм шиг дүүлж хоёр гараа савж, мориндоо урам зориг өгч урагш нь хөөхийг хэлдэг.

-Цаашид юунд зорьж байна?

-Бидний гол зорилго бол морин соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой. Одоо хүмүүс утас их шагайдаг болсон. Ядартлаа ажиллаад бар орж бүр ядрах эсвэл бургасан дунд, голын эрэгт очиж уугаад хог тарих гэхчлэн шүүмжлэх зүйл олон болсон. Тиймээс хүмүүст ингэж амарснаас морь унах сургалтын төвүүдэд очоод нэг сайхан морь унаад дүүлэн нис бие чинь чангарч, хараа чинь сайжраад жинхэнэ фитнес болно шүү гэж уриалмаар байдаг.

-Таны хувьд одоо хаана, юу хийж аж төрж байна?

-Би Сэлэнгэ аймгийн уугуул иргэн. Гэхдээ одоо Дархан-Уул аймагт амьдраад арав гаруй жил болж байна. Дарханд Морьт харваа, морь уналга чиглэлийн клуб байгуулж, монгол өв соёлоо түгээж хүүхдүүдийг морь унаж сургах, охидыг үнээ мал сааж сургах зэрэг үйл ажиллагаа явуулдаг хөөрхөн газар байгуулсан юм. Түүнийгээ ажиллуулахын хажуугаар мал аж ахуйгаа эрхлээд л амьдарч байна.

-Охидод үхэр саахыг, хөвгүүдэд морь гэхээр нэг ёсондоо монголын хөдөөгийн ахуйн соёлыг заана гэсэн үг үү?

-Тиймээ. Ямар ч хүн хүүхэд ирсэн утас бол хураадаг. Хураах ч гэж оролдох завтай хүн ч байдаггүй дээ. Өглөөнөөс эхлээд л морио унана. Эмээлээс эхлээд бүх зүйлийг нь заана, цээжлүүлж нэг асууна. Морио хэрхэн услах, яаж аргамжих хүртэл бүх зүйлийг нь заана. Хажуугаар нь охид ч үнээ зааж сураад бүгдээрээ бас хамтраад морьт харваа, газрын харваагаа сурчхаж байгаа юм. Том хүмүүст ялгаагүй адилхан сургалт ордог.

-Таныг “Монгол брэнд-Морин өртөө” мянган км замыг мориор туулах уралдаанд оролцож байр эзэлсний дараа ээжүүд, эмэгтэйчүүд энэ уралдаанд их оролцох болсон байна лээ.

-Тэгэлгүй яах вэ. Би ярихдаа хамгийн хөгшин морин спортын тамирчин, одонтой ээж гэж онцлоод байдаг нь монголын маш олон малчин, моринд эрэмгий эмэгтэйчүүдэд урам зориг өгч морин соёлоо түгээж байгаа нэг хэлбэр гэж хардаг. Монголын тал нутгаар л нэг моринд эрэмгий эмэгтэйчүүд бий шүү дээ. Намайг үзээд тэд морио унадаг болж, цаашаа мөн түгээж байвал гол зорилго маань болж байгаа юм.

Мянган км зам туулах уралдаанд намайг хоёр дахь жилдээ оролцохоор очиход ээжүүд, бүсгүйчүүд нэмэгдсэн байсан. Түүнээс зарим нь над дээр ирээд “би таныг зурагтаар үзээд нүдэнд нулимс гүйж байсан. Тэгээд л чадна гэдэг итгэл төрөөд гараад ирлээ” гэж ч хэлж байлаа.

Улаанбаатар хотын унаган охин мөн л гурван хүүхдийн ээж шүү дээ. Намайг зорьж ирээд мянган км замыг мориор хамтдаа туулж байсан юм. Ер нь тэгээд энэ мэтчилэн гол нь бие эрүүлжүүлэх, цусанд минь байгаа энэ соёлыг залуучууд бүсгүйчүүдээ улам түгээгээсэй л гэж хүсдэг дээ.