Ё.Мөнхдэмбэрэл: Хандалт, шүүмж чухал биш. Би докторын мэдлэгээ бусадтай хуваалцаж, дэлхийн жишгийг Монголд нутагшуулахаар ажиллаж байгаа хүн /ВИДЕО/

Ё.Мөнхдэмбэрэл: Хандалт, шүүмж чухал биш. Би докторын мэдлэгээ бусадтай хуваалцаж, дэлхийн жишгийг Монголд нутагшуулахаар ажиллаж байгаа хүн /ВИДЕО/

Олон нийтийн сүлжээнд богино бичлэг, эшлэл бүхий зургуудаараа танигдсан “HR Corporation”-ийн ерөнхийлөгч Ё.Мөнхдэмбэрэлийг бид энэ удаа онцоллоо. Хөгжөөнтэй, хөгжөөнгүй бараг бүх л миймийг түүний зургаар хийдэг болсон гэхэд болно. Ямар зорилготой байсныг нь мэдэхгүй ч тэр өнөөдөр сошиалд хандалт бүхий нэгэн болоод байгаа билээ. Иймд бид энэ удаа түүнийг зорьж, олон асуултын тэмдэгт хариулт авч, ярилцав.

Тэрбээр, “Би 20 жил бизнес, удирдлага, хүний нөөцийн чиглэлээр суралцаж доктор хамгаалсан. Одоогоор Монголдоо гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр дундаа хүний нөөц, удирдлага чиглэлээр илүү мэргэшсэн учир энэ талын дэлхийн жишгийг монголчилж технологи болгон нэвтрүүлэхээр ажиллаж байгаа хүн. Анхнаасаа хандалтын төлөө биш нэг хүнд ч гэсэн мэдлэг, мэдээлэл өгөх үүднээс бичлэг хийж эхэлсэн болохоор хүмүүс юу гэх нь ч юм уу, хэдэн хүн намайг дагах зэрэг нь сонин биш. Би сонирхохгүй байна. Бичлэг хийдэг зорилго маань сурсан мэдсэнээ бусдад түгээж, бага ч гэсэн өөрчлөлтийг хийх. Харин шалтгаан нь гэвэл би өөрөө гаднын хүмүүсийн бичлэг үзэж маш их хэрэгтэй мэдээлэл олж авч ажил хэрэг болгоод амьдралаа өөрчилж чадсан хүн болохоор яг над шиг нэг ч гэсэн хүн үзээд зөв мэдээлэл авах байх гэсэн бодол юм уу даа” хэмээсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Олон нийтийн сүлжээнд тавигдсан таны бичлэг, зургууд цахим хэрэглэгчдийг талцуулаад байгаа. Ингэхдээ ихэнх нь шүүмжлэлтэй хандаж, шоглодог шүү дээ. Энэ хандлагаас гарч буй галын та хэр эмзэглэлтэй хүлээж авдаг вэ. Эсвэл таны зорилго угаасаа нийтэд шүүмжлүүлэх байв уу?

-Надад ямар ч эмзэглэл байдаггүй. Хүмүүс юу гэх үнэндээ ямар ч хамаагүй. Анхнаасаа хандалт, ашиг харж хийсэн зүйл биш болохоор мянган хүн шүүсэн ч нэг хүн авах юм аа авч байвал зорилго маань биелээд байгаа юм. Нэг минутыг видео дээр маш том агуулгыг багтааж тайлбарлах ч гэж байхгүй шүү дээ. Одоо чинь хэлбэр чухал болчхоод байна. Агуулга сонин биш. Эхлээд анхаарал татах нь чухал болчихсон.  Хүмүүс  анхаарал татагдаад дараа нь сонирхдог. Тэрнээс биш хүмүүс анхаарлыг нь татахгүй л бол хэчнээн хэрэгтэй юм ярьсан ч тоохгүй байна. Үзэхгүй байна. Тэгэхээр одоо аль аль талыг нь цаг үетэйгээ нийлүүлээд хослуулах нь л чухал болсон.

Өнөөдрийн байдлаар надад 80-аад мянган дагагч байна. Гэхдээ надад хэдэн дагагчтай байх нь сонин биш. Янз бүрийн юм бичих нь бүр сонин биш. Энэ нэг их ач холбогдолтой чухал зүйл биш шүү дээ. Гол нь энэ олон хүний дунд мөрөөрөө өөртөө хэрэгтэй зүйлээ хэрэглээ болгоод авч байгаа хүмүүс бас байна. 100 хүнээс арав нь өөрчлөгдөж байх нь л чухал.

Хандалт авч зорилгодоо хүрлээ гээд хөөрөөд байгаа юм алга. Миний харах гээд байгаа агуулга маань над шиг сураггүй байхдаа хаа байсан танихгүй хүний бичлэг үзээд өөрчлөгдөж байсан шиг. Өнөөдөр хэн нэгэн миний бичлэгийг үзээд урам зориг авч өөрчлөгдөх нь чухал.

-Нийтэлж байгаа зүйлс чинь зарим талаар зөв амьдрах хэв маяг, ажил хэргийн зөв тогтолцоог уриалсан агуулгатай байдаг. Тиймээс би таныг сэтгэл зүйн салбарын хүн гэж таамагласан. Таны ямар салбарын хүн бэ?

-Ерөнхийдөө би гурван зүйлээр мэргэшсэн хүн. Нэг нь бизнесийн менежмент, хоёрт нь удирдлага, гурав дахь нь одоо миний яриад байгаа “хүний нөөц” гэх мэргэжил. 20 жилийн хугацаанд ийм л гурван юмаар мэргэшсэн хүн. Би энэ чиглэлээр л 20 гаруй жил суралцсан дунд нь мэргэжлээ солилгүйгээр бакалавр, магистр, доктор хамгаалсан. Тэгээд энэ зүйлээ амьдралдаа хэвшүүлсэн. Тэгсэн олон нийтийн сүлжээнд хүмүүс огт хийж үзээгүй ч юм уу, тиймэрхүү зүйлсийн талаар ярьж байгааг хараад би хувьдаа жаахан шүүмжилсэн. Жишээлбэл компани байгуулаагүй хүн бизнесийн тухай ярих гэхчлэн. Гэхдээ дахиад бодож үзээд өөрийгөө буруутгасан. Өөрөө туршлага мэдлэгээ бусадтай хуваалцаагүй байж хүн шүүмжилж байгаа нь буруу санагдсан. Тиймээс л мэдлэг өгөх, зарим хүмүүст туршлага болох үүднээс бичлэг хийж эхэлсэн юм.

Ингэхдээ 100 хувь өөрөө зардлаа шийдэж, төсөв цаг заваа гаргаад хийсэн. Ийм зүйл ашгийн төлөө ч юм уу, хандалтын төлөө байж болохгүй гэх зарчмыг баримталдаг. Хамгийн гол нь мөнгөнөөс илүү үнэтэй зүйл нь миний цаг энэ ажилд зарцуулагдаж байгаа шүү дээ.

Тиймээс энэ нь ямар нэгэн бүтээгдэхүүний сурталчилгаа, бизнесийн реклам биш. Тийм зүйл байхгүй. Зүгээр нийгмийн хариуцлагын хүрээнд хувь хүнийхээ үүднээс мэдсэн, суралцсан зүйлээ бусдад түгээж шинэ зүйлийг таниулах л зорилготой.

-Сайн ч бай. Муу ч бай таны хийсэн контент эцсийн дүгнэлтээр хүмүүст хүрчихлээ. Тэгэхээр таны зорилго биелсэн гэж үзэж байгаа юу?

-Миний зорилго тодорхой хэмжээнд яг биелээд явж байгаа гэж харж байна. Яагаад гэвэл би өөрөө удирдлагаар мэргэшсэн. Энэ нь хүний нөөцийн шинэчлэлийг авчрах маш чухал зүйл. Манай монголчуудын хувьд удирдлага гэдэг нь захиргаадалтын хэв маягаасаа салаагүй. Удирдлага гэхээр зөвхөн нэг компанийн удирдлага хувь хүнийхээ үүднээс өөрийн өмчийг нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийн хүчийг ашиглаж байгаа. Ингэхдээ захиргаадаж байгаа нэг хэлбэр явсаар байгаа. Энэ нь дэлхийд 50 жилийн өмнө хоцрогдсон ёс зүйн маш том доголдол байгаа юм. Өнөөдөр дэлхийд удирдагч гэдэг нь өөрөө үйлчлэл болчихсон. Тэр нь хүнийг сайжруулахын тулд тэр хүний төлөө зүрх, сэтгэлээ зориулах, санаа зовох, яаж хүнээ хөгжүүлэх үү гэж бодож тэдгээр механизмуудыг бодож олдог зүйл болчихсон.

Тиймээс  Би энэ чиглэлээр мэргэшсэн хүний хувьд олон улсад туршлага хуримлуулж монголдоо оруулж ирэхээр ажиллаж байна. Яг энэ зүйл Монголд хэрэгтэй байгаа учраас энэ зүйлийг бүтээл болгож монголчилж нэвтрүүлэх технологи, арга зүйг нь боловсруулаад явж байгаа. Ажил маань 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх жилээс энэ системийг компаниудад нийлүүлж, байгууллагуудын дунд шатны удирдлагуудаас өөрчлөлтийг эхэлнэ.

Өөрөөр хэлбэл долоор тэрбум хүнийг өөрчлөх гэж зүтгэхийн оронд зөвхөн удирдлагуудыг өөрчлөхөд дэлхий тэр чигтэй өөрчлөгдөнө гэх технологийг Монголд хэрэгжүүлэх гээд байна гэсэн үг.

-Би нэг зүйлийг сонирхож асуумаар байгаа юм. Таны гаргаж буй зураг, бичлэг хандалт авахад маркетинг талаасаа орчин нь нэлээд нөлөөлдөг шүү дээ. Тэгэхээр таны хувьд контентдоо зориулж орчноо бэлддэг юм уу. Эсвэл угаасаа таны өдөр тутмын амьдрал юм уу?

-Зарим зүйлсийг нь зориулж бэлддэг. Харин зарим нь тодорхой амьдралын маань хэсэг байгаа. Олон нийтийн сүлжээнд хүн яаж харагдах нь сонин биш бодит амьдрал дээрээ ямар юм бэ гэдэг нь маш чухал юм байна. Тиймээс энийгээ бас харуулах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс зарим нэг хувийн амьдралаасаа оруулж байгаа. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд би өөрөө тэрэндээ нэг их дуртай биш байгаа. Гол нь хүмүүс яах арга үгүй хэлбэр хардаг болсон учир сонирхож ирээд мэдээллээ аваад байгаа юм.

Би видео, зургуудаа хоёр өөр платформ дээр хийж үзсэн. Инстаграмм болон Фейсбүүк дээр зэрэг явуулсан. Ингэхэд инстаграмм бол намайг хэн бэ гэдгийг ерөөсөө сонирхоогүй. Миний хэн бэ гэдэг ч сонин биш би тэнэг байна уу, ухаантай байна уу тэр хүмүүст ерөөсөө сонин биш. Дэмий юман дээр цаг үрээд байдаггүй юм байна лээ. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр залуучууд бол өөртөө  хэрэгцээтэй авах юм аа аваад л өөрийгөө бүтээх гэдэг чиглэл рүүгээ явж байгаа юм байна. Гэтэл фейсбүүк дээр  өөрсдөө амьдрал дээр ямар байгаа, амьдралаа яаж авч байгаа гэдэг зүйл рүүгээ огт харахгүйгээр хүнийг шүүж хэн бэ гээд байдаг юм байна лээ. Энэ чинь сонирхож цаг гаргах ч зүйл биш шүү дээ. Тэгэхээр би ч мөн та нар намайг сонирхоорой ч гэдэггүй. Элдэв юм бичиж сонжиж байсан ч тоодоггүй. Яагаад гэвэл надад ямар ч хамаагүй. Авахаа аваад л хаях хэрэгтэй шүү дээ.