Г.Мөнхцэрэн: Хүмүүсийн ухамсар доройгоос болж өөрсдөд нь зориулж тарьсан модыг хугалж, машины тос масло асгадаг /ВИДЕО/

Г.Мөнхцэрэн: Хүмүүсийн ухамсар доройгоос болж өөрсдөд нь зориулж тарьсан модыг хугалж, машины тос масло асгадаг /ВИДЕО/

Нийслэл хотыг хоггүй, цэвэр байлгах нь хот тохижилт болон улс төрчдийн ажил гэхээс илүүтэй иргэдийн өөрсдийнх нь ухамсар, ёс суртахуун, боловсролоос хамаарах зүйл. Үүнийг олон нийтэд сануулж, сэрээж өгсөн энгийн нэгэн залууг бид энэ удаад онцлон ярилцлаа.

ВИДЕО:

Түүнийг Г.Мөнхцэрэн гэдэг. “Эко эрин тохижилт” компанид ойн инженер мэргэжлээр ажилладаг бөгөөд “Хүмүүсийг соён гэгээрүүлэх талаар юм хийхгүй бол бид нар замыг мянга цэвэрлэж, хог түүгээд нэмэргүй байна. Зуслангаасаа орж ирэхдээ нэг газар шуудайтай хогоо овоолж, хаяад явдаг. Иймд хүмүүст чиглэсэн л ажил хийх хэрэгтэй байна” гэж ярьсан ухаалаг энэ залуугийн бодол санаа олон хүнд нөлөөлж, бага ч болтугай сэдэл аваасай гэсэн үүднээс түүнтэй ярилцсан юм.

- "Эхлээд иргэдийг соён гэгээрүүлэх хэрэгтэй" хэмээн хэлсэн таны санааг маш олон хүн дэмжсэн байсан. Юуны өмнө та хаана, ямар ажил хийдгээ танилцуулахгүй юу? Ер нь тухайн бичлэгийг тэгж олон хүн үзнэ гэж бодсон уу?

Би “Эко эрин тохижилт” компанид ойн инженер мэргэжлээр ажилладаг. Хотод хариуцсан бүсдээ мод тарьж, ногоон байгууламжийн арчилгаа хийдэг гэсэн үг. Тухайн бичлэг нь шинэ хотын дарга нийслэлийн тохижилтын ажилчидтай уулзах үеэр хийсэн бичлэг. Бодож явсан юм аа хэлье гэж бодоод хэлсэн нь тэр үед олон хүмүүст хүрсэн байсан. Миний бичлэгийг хийсэн гэдгийг ч мэдээгүй. Таньдаг хүмүүс, болон эхнэр маань хэлэхэд л мэдсэн. Доорх сэтгэгдлийг нь бол уншаагүй. Тийм юманд нэг их ач холбогдол өгдөггүй л дээ.

- Гэр бүл, найз нөхөд нь хэрхэн хүлээн авсан бэ? Өөрийн тань ярьсан зүйлсийг зөвөөр хүлээн авч, дэмжсэн үү?

Эхнэр маань мэдчихээд их гайхсан бол таньдаг хүмүүс миний бичлэгийг үзээд над уруу явуулж, ТҮК-ийн ажилтан болсон юм уу? гэсэн. ТҮК-ийн ажилтан болсон байсан ч яах вэ дээ. Ажил хүнийг голохоос, хүн ажлыг голдоггүй гэдэг биздээ. 

- Таны хариуцсан хэсэг хотын аль бүсэд байдаг вэ? Мөн ажлаа хийж байхад чинь иргэдийн ухамсар дорой байгаа нь ямар үйлдлээс харагддаг вэ?

Миний ногоон байгууламж хариуцсан хэсэг бол нисэхийн аюулгүй тойргоос чингисийн хүрээ хүртэл замын хоёр тал болон голын моднуудад арчилгаа хийдэг. Төвөөр маш их асуудал байдаг байх. Зөвхөн манай талбай дээр гэхэд төв аймаг уруу гарч байгаа том тэрэгний жолооч нар зогсоод тос масло сольдог. Тос масло солихдоо модны тогоо руу илүү гарсан асгачхаад, хажуугаар нь гарахдаа тойроод гарахгүй модон дээр гишгэдэг. Мод тариад тавьсан байхад маргааш нь ирэхэд хугалаад, гишгээд гараад явсан байдаг. Мөн мод тарьсан ч сугалаад аваад явчихдаг. Хог оо хаа хамаагүй хаядаг. Хогны сав байхад хажуугаар нь хаячихдаг. Энд хүртэл  хардаа мод байсан нүх дотор пивоны лааз ч байх шиг. Бусад нүхэнд нь мод байхад. Ямар ч газар зогсоход л ийм байна. Энэ бол орчны бохирдол. Энийг хүмүүс цэвэрлэж байгаа гэдгийг ойлгохгүй байгаа байхгүй юу.

- Ногоон байгууламж сүйтгэж, хог тарьж байгаа иргэдэд шаардлага тавьж үзсэн үү? Шаардлага тавихад хүмүүс хэрхэн хүлээн авдаг вэ?

Эхэндээ хэлдэг байсан. Сүүлдээ хэлээд ч нэмэргүй юм байна билээ. Тоохгүй өөдөөс уурлаад байдаг хүмүүст хэлээд нэмэргүй санагддаг.

Зарим хүмүүс бол за уучлаарай хог оо аваад явчихъя гэдэг. Модны тороос дээр дүүжлээд суусан хүүхдүүдэд хэлэхээр үг сайн хүлээж авдаг. Зарим том хүмүүс мод тастан, уурладаг тохиолд ч байдаг. Тийм болохоор хотын даргад ийм хүмүүст хандсан ажил хийвэл ямар вэ гэсэн утгаар хэлсэн.

- Иргэд хүлээн буй орчин цэвэр байх, ногоон байгууламжийг хамгаалах ач холбогдлын талаар ойлголт бага байна уу?

Ногоон байгууламж, мод бол агаарыг цэвэршүүлж байгаа. Орчны бохирдол, дуу чимээг бууруулах гэх мэт их сайн тал бий. Зүгээр л иргэдийн ухамсарт асуудал байгаа байх. Уг нь бүгд л цэвэр цэмцгэр байхын ач холбогдлын талаар мэдэж байгаа ч хэрэгжүүлэхгүй байна шүү дээ.

- Ер нь иргэдийн ухамсрыг дээшлүүлэхийн тулд таны бодлоор юу хийвэл дээр вэ?

Ер нь зөв ухамсрыг хүүхэд байхад нь л сайн суулгах хэрэгтэй санагддаг. Арван жилийн хичээлд хэрхэн зөв хүн болох талаар сайн сургах хэрэгтэй байх. Тэгэхгүй нэгэнт буруу ухамсар дорой нас биед хүрсэн хүн хэцүү л байхдаа. Ер нь ухамсар гэдэг их том ойлголт байх. Мэргэжлийн хүмүүс илүү сайн мэднэ гэж бодож ер нь нийт хүний ухамсрын дээшлүүлэх хэрэгтэй гэж хотын даргад хэлсэн.

- Зарим хүмүүс хогийн савгүй байхад хог оо ил задгай хаях нь аргагүй гэж хэлэх нь байдаг шүү дээ. Үүний талаар юу гэж бодож байна?

Нэг үе ээ бодвол хогийн савтай болсон. Яг үнэндээ өмнө нь ганц ч хогийн сав байдаггүй байсан. Ухамсартай хүмүүс бол халаас, цүнхэндээ хийгээд авч яваад хаядаг байсан. Одоо бол нэг үе ээ бодвол хогийн сав их болсон.

- Аж ахуйн нэгжүүд гадаах 50 метр талбайг цэвэрлэх үүрэг байдаг. Энэ үүргээ хэр сайн биелүүлдэг вэ? Тохижилт хариуцсан мэргэжилтнүүд шаардлага тавьдаг уу?

Хангалтгүй мэт санагддаг. Сайтар шаардлага тавьдаг ч үгүй. Аж ахуйн нэгж ч үүргээ биелүүлэх ёстой ч биелүүлэхгүй байдаг нь ажиглагддаг. Нийтийн эзэмшлийн талбай дээр үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ, цайны газрууд, том аж ахуй нэгж, албан байгууллагууд бүгд 50 метр газраа цэвэрлэх хэрэгтэй. Огт цэвэрлэгээ хийхгүй байдаг, захирагчийн албатай гэрээтэй хувийн аж ахуй нэгжүүд л заавал цэвэрлэх ёстой юм шиг ханддаг нь таалагддаггүй. Хаа хаанаа мөрдүүлээд, хэрэгжүүлэх хэрэгтэй. Гаднах 50 метр талбайгаа цэвэрлэх ёстой гэх хууль байдаг. Энэ хуулиа хэрэгжүүлж ажиллая гэж хэлмээр байгаа. Мөн бие биеийнхээ ажлыг хүндэтгээд, ногоон байгууламжаа хайрлан, амьдарч буй орчиндоо цэвэр цэмцгэр байцгаая гэж уриалж байна.