Д.Амарбаясгалан: Улаанбаатар хотод төлбөртэй бүс тогтоож төлбөрийн хэмжээг НИТХ тогтооно

Д.Амарбаясгалан: Улаанбаатар хотод төлбөртэй бүс тогтоож төлбөрийн хэмжээг НИТХ тогтооно

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хотын дарга Х.Нямбаатар УИХ-д өргөн барьсан. 

Тэгвэл яг одоо Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тус хуулийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ. 

Хуулийн төсөлд Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгохоор тусгасан. Төлбөртэй бүсээс 800 метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна хэмээн өмнө нь мэдээлж байв. Мөн тус хуульд нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд үлдсэн 35 хувьд хамаарах айл өрх, аж ахуйн нэгжүүдийн газар чөлөөлтийг албадан гүйцэтгэнэ гэж заасан байгаа билээ. 

Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа. Тэрбээр " Нийслэл хотод тулгамдаад буй төвлөрөл, түгжрэл зэрэг тулгамдсан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хангахын тулд нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах нөхцөл байдалд хүрээд байна. Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн үлэмж хурд 9-13 км цаг болсон. Жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдэж байна. Энэ байдлаар үргэлжилбэл 2030 онд 5 км, 2040 онд 0 км болно. Улаанбаатар хотын нэг иргэн жилд 717 цагийг түгжрэлд алдаж байгаа. Нийслэл хотын автозамын түгжрэл, хот төлөвлөлтийн гажуудал, замын сүлжээ, даац хэтрэлт, иргэдийн зорчилт хөдөлгөөн судлаачдын зөвлөмж бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент ялангуяа түгжрэлтэй тэмцэх тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн байна. 

Улаанбаатар хотод төлбөртэй бүс түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож төлбөрийн хэмжээг НИТХ тогтоохоор хуулийн төсөлд тусгалаа. Сүүлийн үед нийгэмд такси үйлчилгээтэй холбоотой олон хэргүүд гарах боллоо. Такси үйлчилгээтэй холбоотой нийт 3150 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тиймээс цэгцлэх, бүртгэлжлүүлэх шаардлагатай болжээ. Төвлөрлийг сааруулж, түгжрэл, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг инженерийн дэд бүтцээр хангах, дахин төлөвлөн барилгажуулах явдал юм. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2021 оны байдлаар 412 500 өрх амьдарч байгаагаас 51.4 хувь нь буюу 212 мянган өрх орон сууцанд, үлдсэн 200 мянган өрх гэр хороололд амьдарч байна. Энэ хүмүүс дэд бүтэцгүй, агаар хөрсний бохирдолтой нөхцөлд амьдарч байгаа. Тиймээс дэд төвүүдийн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах, газар чөлөөлөх, нөхөн олговор олгохоор хуулийн төсөлд тусгалаа " гэв. 

ҮЗЭХ: