"60 тэрбум”-ын Ц.Сандуйгийн хилийн хориг цуцлагдаж Япон дахь Улаанбаатарын төлөөлөгчөөр очсон бол, А.Ганбаатарын хориг цуцлагдаагүй, тэрээр хүнд өвчилжээ

"60 тэрбум”-ын Ц.Сандуйгийн хилийн хориг цуцлагдаж Япон дахь Улаанбаатарын төлөөлөгчөөр очсон бол, А.Ганбаатарын хориг цуцлагдаагүй, тэрээр хүнд өвчилжээ

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбумын хэрэг"-ийг өнгөрсөн гуравдугаар сар /2023.03/-д бүхэлд нь сэргээн, дахин шалгаж эхлээд байгаа билээ. Өдгөө мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлж байна. 

-АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДСОН Ц.САНДУЙН ХИЛИЙГ ХОРИГИЙГ ЦУЦАЛСАН Ч ЭРҮҮЛ МЭНДИЙН ШАЛТГААНТАЙ А.ГАНБААТАРЫНХЫГ ЦУЦЛААГҮЙ БАЙНА-

Тэгвэл "60 тэрбум"-ын хэргээр дахин шалгагдах болсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нь Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон байна. Түүнийг Д.Сумъяабазар Хотын даргаар ажиллаж байхдаа тус албан тушаалд томилсон байна. Тиймээс Ц.Сандуй өдгөө Япон-Монголын хооронд чөлөөтэй зорчих болсон байна.

Хамгийн ноцтой нь "60 тэрбумын хэрэг"-т шалгагдаж байгаа Ц.Сандуйд тавьсан хилийн хориг цуцлагдаж, тэрбээр ийнхүү Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилогдсон бол, түүнтэй хамт шалгагдаж буй А.Ганбаатарт тавьсан хилийн хориг өнөөг хүртэл цуцлаагүй байгаа юм. 

Гэтэл энэ хугацаанд А.Ганбаатар хүнд өвчнөөр өвдөж, биеийн байдал нь эрс муудсан байна. Иймд түүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон ч түүнд тавьсан хилийн хориг цуцлагдаагүй тул гаднын орон руу эмчилгээнд явж чадахгүй байгаа ажээ. Гэтэл яг ижил хэргээр шалгагдаж буй Ц.Сандуйн хилийн хоригийг шүүхээс цуцлаж, тэрбээр нөлөө бүхий албан тушаалд томилогдсон байна. Үүнд нь ХЗДХ-ийн сайд асан одоогийн Хотын дарга Х.Нямбаатарын нөлөө байсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа юм. Ямартай ч УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дуулиан дэгдээж, гол сэдэв нт болдог "60 тэрбум"-ын хэргийг 2024 оны сонгуулийн өмнө ч сэргээн, дахин шалгаж эхэлсэн гэх пиар явах бололтой. 

-ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОСОН 60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭН, ДАХИН ШАЛГАЖ ЭХЛЭВ-

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрхүү бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг.

ВИДЕО: 

Улмаар тус хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон.  Иймд Ц.Сандуй, А.Ганбаатар шоронд 128 хоног хоригдсон. Харин Давж заалдах шатнын шүүхээс тус хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэсэн ч тус хэргийг өнгөрсөн гуравдугаар сард сэргээн, дахин шалгаж эхэлсэн юм.