Б.Очирваань: Монголоос Англи руу дугуйгаар аялж байгаа гэхээр гаднын хүмүүс хүндэлж, дараалалгүй хил нэвтрүүлж байсан /ВИДЕО/

Б.Очирваань: Монголоос Англи руу дугуйгаар аялж байгаа гэхээр гаднын хүмүүс хүндэлж, дараалалгүй хил нэвтрүүлж байсан /ВИДЕО/

Мөрөөдөл зоригоо зүрхэндээ тээсэн монгол залуу Европыг чиглэн Төв азийг дугуйгаар туулж яваа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг Б.Очирваань гэдэг. Өдгөө 26 настай. Уг аяллаа 14 хоног төлөвлөж өнгөрсөн тавдугаар сарын 5-ы өдөр Улаанбаатар хотоос хөдөлсөн. Өдгөө зургаан улсыг дамнан 10 мянган км замыг туулж, Турк Улсын Истанбул хотод очоод байгаа юм.

Харин одоогоор Туркээс-Англи Улс руу нэвтрэх виз мэдүүлэхээр түр хугацаанд Монголдоо ирээд байна. Иймд бид түүний аяллын сонин хачин болон туршлагаас үзэгч, уншигчдадаа хуваалцахаар iSee.mn мэдээллийн сайтын анхны подкаст дугаартаа урьж ярилцаа. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО: 

-Англи хүрэх 12 мянган км замын аялал хэзээнээс эхлэв?

-Миний дугуйтай аялал өнгөрсөн тавдугаар сарын 5-ний өдөр Улаанбаатар хотоос эхэлсэн. Аялах шийдвэр маань хоёр долоо хоногийн өмнө гарч, хоёр долоо хоногт бүх бэлтгэлээ хангаад аяллаа эхлүүлсэн.

-Яагаад энэ аялалд явах болов. Дугуйгаар олон мянган километр явна гэдэг амаргүй шүү дээ.

-Энэхүү аяллыг хийх болсон гол шалтгаан нь миний мөрөөдөл байсан. Би багаасаа Английн “Манчестер Юнайтед” хөлбөмбөгийн клубт тоглох зорилго, мөрөөдөлтэй байсан. Тэгээд тэр мөрөөдөл зорилго оо хөлбөмбөгчин хүний хувиар биш юм аа гэхэд спортын хүний тэсвэр хатуужлаар биелүүлэхийг хүссэн. Тиймээс арга зам хайж байгаад дугуйтай аялахаар шийдэж, бэлтгэлээ базааж эхэлсэн.

-АЯЛЛАА 14 ХОНОГИЙН ӨМНӨ ТӨЛӨВЛӨЖ, ЮТҮБ ҮЗЭЖ БЭЛТГЭЛЭЭ БАЗААСАН-

-Дугуй сайн унадаг байсан уу. Аяллын судалгаагаа хэрхэн хийсэн бэ. Тухайлбал юуг бэлтгэж, замын маршрутаа яаж гаргав?

-Дэлхийн дугуйтай аялагчид яаж хүнсээ бэлддэг, юу авч хэрхэн төлөвлөдөг зэргийг youtube харж сурсан. Ингээд өөрийн онцлогт тааруулж юм аа бэлдсэн. Дулаан хонох мишок, майхан, хувцаснууд, дугуйны сэлбэр хэрэгслээ тодорхой хэмжээнд цуглуулж аль болох хөнгөн ачаатай аялахыг хичээсэн.

-Аяллын үйл явцаас яриагаа үргэлжлүүлье. Монголд хэдэн километр зам туулж, аль хилээр гарав?

-Монголд хамгийн хол зам буюу 1800 км зам туулж 25 хоногийн дараа Ховдын Булган сумын Булган боомт, Хятадын Шинжаан Уйгарын Ташкен боомтоор дамжин хил гарсан.

-Яагаад заавал Булган боомт гэж?

-Миний хувьд Европоор явна тэр дундаа Англи руу явна гэдэг утгаараа Орос руу яваагүй. Одоо орос явчихвал нөхцөл байдал эвгүй байгаа шүү дээ. Тиймээс аль болох оросоор дайрахгүй маршрутыг сонгосон. Машингүй болохоор дугуйтай явж болохоор боомтуудыг судалж Шинжаан Уйгар луу гарахаар сонгосон.

-ЗАРИМ ӨДӨР 200 КИЛОМЕТР ЗАМЫГ ТУУЛЖ БАЙСАН-

-Монголд 1800 км замыг 25 хоногт туулсан гэлээ. Тэгэхээр өдөрт дунджаар 60-80 км явдаг байсан гэсэн үг үү?

-Монголд салхи гэхчлэн маш олон байгалийн хүчин зүйлээс шалтгаалаад бага км явсан. Гэхдээ өдөр ирэх тусам бие дасаад хурд нэмэгдэж байсан. Монголоос гараад цааш бие бүрэн дассан байсан тул ямар ч асуудал гараагүй.

-Бусад орнуудад өдөрт хэдэн км зам туулж байв?

-Монголоос гараад бие дасаж цаг уурын нөхцөл байдал сайжраад өдөрт 100 километрээс доош буугаагүй. Зарим өдрүүдэд 200 км хүртэл явах тохиолдол байсан. Яагаад гэвэл зам сайн. Өгсүүр биш уруу зам байсан.

-Хамгийн туулахад хэцүү замтай. Хамгийн хэцүү уур амьсгалтай нь ямар улс байв?

-Хамгийн хамгийн гэвэл Монгол байсан. Хавар аяллаа эхлүүлсэн болохоор маш их салхитай байсан. Дээрээс нь бага зэрэг хүйтэн. Зарим үед цасаар шуурч байсан. Цаг уурын хувьд миний тооцоолоогүй зүйл салхи байсан. Яг өөдөөс салхилахаар хурд сааруулдаг юм байна лээ.

-Монголоос бусад улсын нутгаар явахад цаг агаар нь ямар байв?

-Цаг агаарын хувьд ямар ч асуудал гараагүй. Мөн зам нь маш гоё байсан.

-Харин байгалийн хувьд ямар байсан бэ. Явсан газруудынхаа байгалийн сайхнаас хуваалцаач?

-Дэлхийн өнцөг бүрд гайхалтай байгалийн тогтцууд байдаг юм байна лээ. Харин Монголын давуу тал нь өндөрлөг газар амьдардаг учраас тэнгэр нь ойрхон харагддаг. Хэдий бусад улсад од, үүл харагдаж байгаа ч маш хол харагддаг юм байна лээ. Тэндээс яагаад хүмүүс монголд од харах гэж ирдгийг ойлгосон.

-ЗУРГААН УЛС ДАМЖИЖ, 10 МЯНГАН КИЛОМЕТР ЗАМ ТУУЛЖ ТУРКИЙН ИСТАНБУЛ ХОТОД ИРЭЭД БАЙНА-

-Одоогоор ямар ямар улс орноор дамжин өнгөрөв. Аяллынхаа хэдэн км замыг туулаад байгаа вэ?

-Монголоос гадна зургаан улсаар явсан. Хятад, Казахстан, Узбекстан, Азербайжан, Иран, Турк гэсэн улсуудыг дайрч Туркийн Итсанбул хот хүрч 10 мянган км зам туулаад байна. Одоогоор виз авахын тулд Монголдоо түр ирсэн байгаа. Цаашаа 3,4 мянган км явна. Ерөнхийдөө зургаан сарын хугацаанд 10 мянган км зам туулаад байна.

-Хэдэн сард Англид очно гэж төлөвлөж байгаа вэ?

-Би арванхоёрдугаар сарын 10-нд буцаад Истанбулд очсон байна гэж төлөвлөж байгаа. Тэгээд ирэх оны хоёрдугаар сарын сүүлээр Англид очсон байна гэж төлөвлөж байгаа.

-Ядралт байсан уу. Энэ хугацаанд бие нь өвдөх ч юм уу, зовуурилах зүйл байсан уу?

-Бие өвдөөгүй. Хааяа өвдөг гарах ч юм уу, ханиад хүрэх ч юм уу зовуурь мэдрэгдэж байсан ч яг дугуйгаа унаад явж байхад бүх зовуурь эдгэрээд байсан. Тэгэхээр ерөнхийдөө миний биеийн онцлог сэргэлт маш хурдан авч байсан. Дээрээс нь би амралтаа маш зөв зохицуулсан гэж бодож байгаа. Ачаалал, амралт, нойрыг маш зөв төлөвлөсөн. Яагаад гэвэл би өмнө нь спортоор хичээллэж байсан болохоор надад салхилга бат гэдэг юм байсан. Тиймээс яг энэ суурин дээрээ явсаар байгаад л 10 мянган км замыг өвдөж, ядралтгүй зөв туулаад ирсэн.

-Зардал мөнгө нь яаж гарсан бэ?

-Би зардлаа анх тооцохдоо дугуйгаа авах зэргээ оруулаад нийт 15 сая гэж бодож байсан. Гэтэл сая Турк хүртэл яваад замын зардлаа бодсон чинь 15 сая төгрөг болчихсон байна лээ. Дээрээс нь аяллын зардал нэмэгдээд 21 сая болж байгаа. Замдаа би мөнгөнд санаа зовоогүй явсан тохиолдол байгаагүй. Тэгсэн хэр нь 15 сая болчихсон байсан. Бас замд яг мөнгө байхгүй ч юм уу, чухал мөчүүдэд тулгамдсан үед миний аяллын тэмдэглэлийг харж байгаад “хоол авч идээрэй ч гэдэг юм уу” маш гоё урмын үгтэй мөнгө шилжүүлчихсэн байдаг байсан.

-Зургаан улсаар явахдаа хэлний асуудлаа хэрхэн шийдэж байсан бэ?

-Одоо хэлний асуудал бол асуудал биш болсон байна лээ. Яагаад гэвэл хүн болгон утастай, хүн болгон интернэттэй. Тэгэхээр зүгээр "google translate"-аар өөрийн хэлээр өөр хэл рүү орчуулчихна. Дэлхийн ямар ч улсад очсон асуудал байхгүй. Зарим хүмүүс хэлгүй бол гадагшаа явж чадахгүй. Хүмүүстэй ойлголцож чадахгүй гэж боддог шүү дээ. Тэр бол ямар ч асуудалгүй болсон байна лээ. Миний хувьд энэ хугацаанд аль болох англи хэл ашиглаж байсан. Англи хэлээ сайжруулах зорилгоор буруу ч байсан зөв ч байсан англи хэлээр яриад явахаар хэлний түвшин ахиж, биеэ барихаа больж нээлттэй болдог юм байна лээ.

-Дугуйн спортоор хичээллэж байгаагүй гэсэн үү?

-Тийм ээ. Огт спортоор хичээллэдэггүй хүн яг над шиг хоёр долоо хоногийн дотор огцом шийдээд явах ямар ч боломжгүй юм байна лээ. Миний хувьд маш их бэлтгэлтэй байсан учраас даваад гарсан гэж бодож байгаа. Бусдаар төлөвлөгөө муутай, биеийн бэлтгэл муу хүн дугуйтай аялалд гарвал бараг монголоос ч гарч чадалгүй маш их ядралт авна. Тэгэхээр хамгийн бага даа зургаан сар биеэ бэлдэж, төлөвлөж байж гарах хэрэгтэй. Дугуйгаар явна гэдэг амар зүйл биш. Маш их хөлс, хүч, тэвчээр шаардана. Харин сэтгэл зүйгээ сайн бэлтгэж гарвал дугуйтай аялал хүнд зүйл биш.

-УС УУВАЛ СУЛЬДДАГ БОЛОХООР СЭРГЭЖ, ХҮЧТЭЙ БАЙХЫН ТУЛД ЗАМЫН ТУРШ САХРЫН АГУУЛАМЖТАЙ УНДАА УУЖ ЯВСАН-

-Дугуйтай аялахад заавал авч явах ёстой зүйл, анхаарах зүйл нь юу байдаг вэ?

-Хамгийн хэрэгтэй зүйл бол газ. Дээрээс нь хоол хийх тогоо болон хүнсний нөөц байдаг. Дугуйтай явж байгаа үед дандаа сууринаас суурины хооронд явах боломжгүй. Бас хувцсаа зөв сонгохгүй бол цүнхний багтаамж их эзэлдэг. Тэгэхээр тухайн улирал цаг хугацаандаа тааруулаад аль болох нимгэн олон давхарлаж өмсөж болох хувцас авч явах нь зохимжтой санагдсан. Шингэн зүйл дээр усыг аль болох хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл ус их уувал амархан сульдаж, ядарч, өлсдөг. Тэгэхээр ерөнхийдөө аль болох сахартай зүйл хэрэглэх нь зүйтэй. Усыг ерөөсөө усаар нь хэрэглэж болохгүй. Нэмэлт сахартай зүйл холих хэрэгтэй. Харин амарч байхдаа усыг усаар нь ууж болно.

-Дугуйтай аялах машин, мотоциклтой явахаас юугаараа өөр байдаг вэ?

-Дугуй унадаг хүмүүс хэлж байсан. “Дугуйны хурд маш өөр байдаг юм аа. Алхаж, гүйвэл хэт удаан, машинтай явбал хэт хурдан болчихдог. Орчноо мэдрэх хамгийн төгс хурд дугуй байдаг” гэж хэлж байсан. Яг дугуй унаад байгальд явахад эргэн тойрноо илүү их мэдэрдэг. Бас дугуйтай явахад бараг тэр улсад амьдарч байгаа юм шиг л бүх зүйлийн ойроос мэдэрч, соёлыг нь илүү ойлгодог юм байна лээ. Бас маш олон хүнтэй танилцаж, дотносох боломж олгодог. Үүгээрээ миний аяллын мэдрэмж үгээр хэлэхийг аргаггүй.

Би өмнө нь аялж үзээгүй. Хилийн дээс алхаж байгаагүй болохоор бүх зүйл миний хувьд шинэ байсан. Үзэж, харж байгаа бүх зүйл маань шинэ болохоор сэтгэлзүй маш гоё болж, шантрах мэдрэмж төрөөгүй. Хүмүүс ядарч байна уу гэж асуудаг. Үнэндээ ядрахаа ч мэдэхгүй сонирхолтой адал явдлуудтай шинэ содон аялал болж байна. Өдөр болгон шинэ орчинд шинэ зүйлс сурч байсан болохоор тэрэндээ сэтгэл хөөрөөд маш гоё мэдрэмж авдаг юм байна лээ.

-Хил гаалийн ажилтнууд яаж хүлээж авч байна?

-Би шинэ гарсан паспорт авсан байсан. Манай шинэ паспорт чинь аягүй гоё шүү дээ. Тэгээд ажилтнууд хуудас хуудсаар нь эргүүлж үзээд “Монгол хүн юм уу. Хаашаа явж байгаа юм” гэж асууна. “Англи руу дугуйтай аялж байгаа” гэхээр бүгд гайхдаг. Бас бүгдээрээ маш гоё урмын үг хэлдэг. Ялангуяа монгол хүн гэхээр энд монгол хүн явж байна гэж гайхдаг. Тэгээд хамгийн гоё нь монгол хүн, аялж явна хэмээн хүндэтгэж ямар ч тохиолдолд намайг хамгийн түрүүнд оруулж, байсан. Ихэнх хил нь анх удаа монгол хүн гарч байгаа тохиолдол болсон. Ерөөсөө монгол хүн гараагүй боомтуудаар гарч байгаа юм. Тэгэхээр нэг асуудал тулгардаг байсан нь тухайн боомтын ажилтнууд Монголыг визгүй гэдгийг мэддэггүй учир маш их шалгаж, цаанаасаа асуудаг байсан.

-ЗАРИМ БООМТООР ХИЛ ГАРЧ БУЙ ХАМГИЙН АХНЫ МОНГОЛ ХҮН БОЛСОН-

-Зарим боомтуудаар гарч байгаа хамгийн анхны монгол хүн нь байсан гэлээ. Тэгэхээр монгол хүн гэхээр тухайн улсын иргэд нь яаж хүлээж авч байсан бэ. Монголын талаар юу гэж ярьж байна.

-Дугуйтай явж байгааг минь хараад гаднын улсын иргэд монгол гэж мэдэхгүй өөр орны хүн үү гэж асуудаг. Монголоос явж байгаа гэдгийг мэдсэний дараа хүмүүсийн нүүрний хувирал өөр болж гайхаад "монголоос дугуйтай яваад ирж байгаа юм уу" гэж гайхдаг. Тэдгээр хүмүүс бидний түүхийг их ярьдаг юм байна лээ. Монгол хүн Чингис хааны үр удам гэж маш их хүндэлдэг. Бүх орны хүмүүс маш найрсаг байсан. Ер нь л дугуйтай аялж байгаа хүнд ямар ч хүн муухай хандана гэж байдаггүй юм байна лээ. Аль болох энэ хүнд яаж туслах уу, яаж тухтай байлгах уу л гэдэг.

-Аялж байх явцад гаднын томоохон сайт, албан ёсны хуудаснууд таны талаарх нийтлэлийг оруулсан байсан. Тантай ямар ямар газраас холбогдож байв. Том санал ирсэн үү?

-Би аяллаа эхлүүлэхдээ өмнө нь намайг дасгалжуулж байсан Англи дасгалжуулагч руугаа бичсэн. “Манчестер Юнайтед” руу очих зорилготой явж байна. Та намайг Манчестер юнайтедын албан ёсны клубтэй холбоод өгөөч” гэсэн санал тавсан. Тэрний дагуу манай дасгалжуулагч өөрийнхөө твиттер хуудастаа миний талаар бичиж Манчестар юнайтедтай холбогдох хүсэлтэй байгааг минь онцолсон. Тэгээд хүмүүс мэддэг таньдаг бүх холбоо сүлбээгээ меншион хийж маш олон хүнд хүрсэн.

Үүний дараа “Манчестер Юнайтед”-ын албан ёсны сайтын сэтгүүлч нь надтай холбогдож, миний аяллын талаар нийтлэл гаргасан. Тухайн сайт фейсбүүкт 66 сая, твиттерт 33 сая дагагчтай тул маш олон хүнд хүрч, томоохон спортын хэвлэлүүд надтай холбогдсон.

Түүнээс хамгийн том нь Английн "Фермер лиг" байсан. Дэлхийн хамгийн нэр хүндтэй шилдэг лиг. Тухайн лигээс надтай холбогдож, миний визэд хүртэл тулалцаа үзүүлэхээр болсон. Үүнийг би эх орноо сурталчлах маш том боломж гэж харж байгаа.

-ИРАНД ЖУУЛЧДАД БҮХ ЮМ ҮНЭГҮЙ-

-Аяллын тэмдэглэл хөтөлдөг юм байна лээ. Тэндээс харж байхад очсон газар бүртээ сайхан хүмүүстэй уулзаж, найз нөхөд болсноо бичсэн байдаг. Энэ талаар сонирхуулбал?

-Миний аяллын хамгийн гайхалтай зүйлсийг нэг байсан. Маш олон гайхалтай хүмүүстэй уулзсан. Очсон газар бүртээ гоё хүмүүстэй уулзсан. Жишээлбэл, Шинжаан Уйгарын монголчууд надтай уулзсан. Мөн Казахстан, Узбекстан, Иран гээд эдгээр улсуудыг хүн болгон л ямар нэг аюултай талаас нь хэлдэг байсан. Яг өөрийн биеэр очиход тэдгээр улсын хүмүүс үнэхээр найрсаг, зочломтгой байсан. Монголчуудаас ч илүү найрсаг. Үүнээс онцолбол Узбекстан, Ираны хүмүүс бүр гайхмаар зочломтгой. Өөртөө байгаа бүх зүйлээрээ туслахыг хичээдэг. Юугаар тусалбал тэдгээр хүмүүс намайг эх орондоо найдвартай, аюулгүй аялуулах уу гэдэг талаас нь маш их анхаардаг. Ялангуяа бид Ираны тухай аюултай талаас нь мэдээллүүд авсан байдаг. Гэтэл Иранд байгаа тэр хүмүүс бараг дэлхийд байхгүй найрсаг хүмүүс байсан. Зарим улс орон жуулчдаас аль болох их мөнгө салгах ч юм уу, тиймэрхүү хандлагатай байдаг бол Иранд жуулчдад бүх зүйл үнэгүй гэж хэлдэг. Дэлгүүрт ороод намайг дугуйтай аялж байгааг мэдмэгцээ надаас мөнгө авахыг хүсдэггүй. Жуулчдыг л аль болох аюулгүй аялуулахын тулд тэр ард түмэн хичээдэг юм шиг санагдсан.

-Та 10 мянган км зам туулсан. Анх аяллаа эхлэхдээ өөрийгөө энэ хэмжээнд хүрч чадна гэж дүгнэж байсан уу. Аялал нь төсөөлснөөс нь ямар байв?

-Миний аялал төсөөлснөөс бага зэрэг өөр байсан. Цаг уурын зарим нэг зүйлсээс бусад нь бол төсөөлснөөр болсон. Миний хувьд 10,20,30 мянган км зам байсан ч хамаагүй. Би өөрөө чадна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Очихыг хүссэн газар л байвал би очиж чадна гэж бодож өөртөө дүгнэлт хийгээд миний чадах зүйл гэж бодсон байсан учир энэ аяллыг эхлүүлсэн. Дээрээс нь миний өөртөө итгэх итгэл, сэтгэлзүйн, спортын туршлага гурав надад сэтгэлийн хат суулгасан гэж бодож байна. Үнэхээр өөртөө итгэлтэй чадна л гэж бодож байвал ямар ч зорилгодоо хүрч чадна л гэж бодож байна.