"Монголын “Зөөлөн хүч”-ний бодлого хэмээгдэж буй “Монгол хаан” жүжиг Лондонд ирлээ" хэмээн CNN агентлаг "Тамгагүй төр" монгол драмыг онцолжээ

"Монголын “Зөөлөн хүч”-ний бодлого хэмээгдэж буй “Монгол хаан” жүжиг Лондонд ирлээ" хэмээн CNN агентлаг "Тамгагүй төр" монгол драмыг онцолжээ

Дэлхийн хамгийн том хэмээн тооцогддог CNN агентлаг Их Британид тоглогдож буй "Тамгагүй төр" монголыг драмыг онцолж, нийтлэл хэвэлжээ. 

Тус нийтлэлд: 

Лондонгийн Вест-Энд дэх Колизей театрт өвөрмөц бүтээлүүд тавигддагаараа алдартай ч энэхүү жүжиг нь онцгой гэх хэллэгийг шинэ түвшинд аваачлаа. Жүжигчин, бүжигчин, хөгжимчин зэрэг 70 гаруй уран бүтээлчээс бүрдсэн “Монгол хаан” жүжиг нь  өнгө, дуу авианы эгшиглэн байлаа. Гэхдээ уг жүжгийн улс төрийн өнгө аяс нь үндсэн жүжгээсээ ч илүү хэл ам дагуулав. Энэхүү жүжиг нь гадаад улсад тоглогдож буй Монголын анхны бүтээл бөгөөд энэ оны эхээр Хятадад тоглохыг хориглосон нь "зөөлөн хүчний үлгэр жишээ" юм гэж нэгэн шинжээч дүгнэжээ.

Археологийн олдворуудаас сэдэвлэсэн хувцас, өмсгөлтэй 2.5 цагийн турш үргэлжлэх уг жүжгийг зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан "Тамгагүй төр" зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Жүжигт 2000 орчим жилийн өмнө Төв Азийн нэгэн хаан эзэнт гүрнийхээ төлөө хэрхэн золиос гаргаж буй тухай өгүүлдэг.

Өнгөрсөн долоо хоногт толилуулсан урьдчилсан тоглолт нь 2 удаа зарагдаж дууссан амжилтын дараа олон сая долларын өртөгтэй уг жүжиг Даваа гарагийн орой (11-р сарын 20) албан ёсоор нээлтээ хийлээ. Гала арга хэмжээнд VIP зочид ирж, хөл хөдөлгөөн ихтэй байсан тул жүжиг цагаасаа 30 минут хоцорч эхэлсэн. Гэхдээ хөшиг нээгдэж буй нь хүртэл жүжгийн хэсэг мэт онцгой байв.

-СААТСАН НЭЭЛТ-

Хоёрхон сарын өмнө ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод нээлтээ хийхээс хэдхэн хормын өмнө уг жүжгийн зогсоосон юм. Монголын урд хөрш Өвөр Монгол нь 24 сая хүн амтай Хятадын “өөртөө засах орон” бөгөөд үүний дөрвөн сая орчим нь монгол угсаатнууд. Тэдний зарим нь Хятадын бодлогод таатай бус хандан Монголын диаспора дахь салан тусгаарлах үзлийг улам бататгаж, Ар Монголтой нэгдэхийг дэмждэг аж. (Монгол Улсад 3.5 сая орчим хүн амтай).

Найруулагч Херо Баатар CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр “Өвөрмонголчууд биднийг урьж, хятадууд хөөсөн” хэмээн дурдаж, мөн жүжигчдийг Хөх хотод олон нийтийн газар монгол үндэсний хувцас өмсөхийг хориглож, байнгын хараа хяналтад байлгасныг хэлсэн байна. 

Уг жүжгийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 550 хүний суудалтай театрт 170 гаруй удаа амжилттай толилуулсан. Жүжгийн багийнхан жүжгийн өргөтгөсөн хувилбарыг Лондонгийн Колизейн театрт тоглогдохоос өмнө том тайзан дээр туршиж үзэх шаардлагатай болсон тул найруулагч уг бүтээлийг Хөх хотод тоглуулахаар авчирсан юм.  Хувцаслалт, тайз, гэрэлтүүлгийн материалаа ачсан том машинууд говиор дамжин Хөх хотыг чиглэн явсан бол, жүжигчид болон багийн гишүүд онгоцоор ирж бэлтгэлээ базаажээ.

Гэвч эхлээд галын ус шүршигч систем гэнэт ажиллаж, дараа нь нээлтийн үдэш жүжиг эхлэхээс хэдхэн хормын өмнө цахилгаан тасарсны улмаас жүжгийг тоглох боломжгүй болжээ. Дараа нь жүжигчид болон жүжгийн багийнхныг машинаар гурван цагийн зайтай Ордос хотын өөр театр руу нүүлгэсэн байна. Тайз зассаны дараа уран бүтээлчдийг театр руу нэвтрүүлээгүй тул тоглохоор төлөвлөсөн байсан гурван тоглолтыг цуцлах шаардлагатай болжээ.

Гүйцэтгэх продюсер Жанчивын Өнөрмаа “Бид шаардлагатай бүх зөвшөөрлийг авсан байсан хэдий ч ийм зүйл болсонд үнэхээр цочирдсон” гэв. “Бидний хувьд цензур шинэ зүйл биш ч энэ удаа маш хачирхалтай байлаа. Бидний түүх хэд хэдэн удаа шинэчлэгдэн бичигдсэн бөгөөд бид газарзүйн хувьд маш эмзэг байршилд оршидгийг та бүхэн мэдэж байгаа" гэж Өнөрмаа хэлэхдээ, Монголын хөрш хоёр их гүрэн болох Орос, Хятадын "ээдрээтэй түүхийг" дурдлаа.

-ХААН ДАРАГДУУЛСАН НЬ-

Монгол хийгээд Чингис хааны тухай хэд хэдэн номын зохиолч, "Монгол хаан"-ыг англи хэл рүү орчуулсан Жон Мэн хэлэхдээ Хятадын эрх баригчдын дургүйцлийг хүргэсэн зүйл нь жүжгийн агуулга биш, харин соёлын ач холбогдол гэв. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Тэд жүжгээс айгаагүй, Харин монгол соёл, хэлнээс айсан. 1990-ээд онд Шинжаанд гарч байсан салан тусгаарлах үзлийг дурдаж, “Өвөрмонголын монголчууд Шинжаанд болсон үйл явдал Уйгаруудад тохиох вий гэдгээс айж байна. Сүүлийн жилүүдтухайэд энэ эсэргүүцлийг харгис хэрцгийгээр дарсан нь, 2021 онд Хятад улсыг Шинжаанд хоморголон устгах ажиллагаа явуулсан гэж Их Британи зэрэг дэлхийн нийтийн улс орнууд буруутгахад хүргэж байна. Төвд, Шинжаанаас ялгаатай нь Өвөрмонгол сүүлийн нэлээд олон жил үндэстнийг хамарсан хүчирхийллийн үймээн самуунаас зайлсхийсэн ч Ши Жиньпин удирдагчийн үндэстний цөөнхийг уусгах оролдлогын байн дор монгол хэл, соёл нь байсаар байна.

Лондонгийн Кингс коллежийн Хятад судлалын профессор, Лау-Хятадын хүрээлэнгийн захирал Керри Браун хэлэхдээ “Урьд өмнө нь Монгол хаан” гэх мэт жүжгүүдийг тоглоход асуудалгүй байсан нь “Саяхныг болтол үндэсний цөөнхийн соёлыг жуулчны үнэт зүйл гэж үздэг байсантай холбоотой” гэв. Тэрбээр Монгол Улсад тулгарч буй сорилт, хэтийн төлвийн талаарх тайланг бичилцэж байсан хүмүүсийн нэг юм.

Экспортынх нь 95 хувь Хятадаар дамждаг улсын хувьд Монгол тэдний эсрэг сөрж чадахгүй гэж Браун мөн хэлэв. 1990-ээд оны дундуур Өвөрмонголд хэдэн жил амьдарч байсан Браун “(Жүжиг) хэрэгтэйгийн хувьд хэрэгтэй, гэхдээ энэ тийм ч орчин үеийн жүжиг биш... Бага зэрэг хуучинсаг байсан” гэж хэлжээ. "Монголын Засгийн газрын хувьд уг жүжиг нь зөөлөн хүчний бодлогын суртал ухуулга биш, зүгээр л энтертейнмэнт, жүжиг юм."

Жүжигт үзүүлэх Хятадын дургүйцэл илүү ихсэж магадгүй гэж тэр хэлэв. Уг жүжиг тэдэнд аюул заналхийлж байгаа эсэхээс үл хамааран Хятад улс үүнийг Монголын талаас явуулж буй суртал ухуулга гэж харж байгаа байх.

“Хятад улс энэ асуудалд ийнхүү няхуур хандаж буй нь Хятадад үндсэрхэг үзлийг өдөөж байгаатай холбоотой юм. Энэ мэт үндсэрхэг үзэл нь Бээжингийн одоогийн Засгийн газрын асуудал болоод байгаа бөгөөд тэд хил орчмын салан тусгаарлагдахыг хүсэж буй, салан тусгаарлах хөдөлгөөнд маш их түвдэж байна. Түвд, Шинжаанд ч ийм төрлийн асуудал тулгардаг. Монгол хүмүүсийн хувьд тосоод авах бодит орон байгаа нь гол асуудал юм."

Браун хэлэхдээ энэ бол жишиг тогтоох, түүчээлэх явдал юм. "Асуудал нь мэдээжийн хэрэг, хэрэв монголчууд иймэрхүү жүжиг тоглоод, үзээд эхэлбэл, дараа нь Уйгарууд, тэгээд Төвдүүд ч мөн тэгэх болно. Үүнээс үүдэн Хятадын Засгийн газрыг сандаргаж, үймүүлж буй үндсэрхэг үзэл улам бэхжинэ. Энэ нь Далай лам Түвдийн тусгаар тогтнол, автономит байдлын бэлгэ тэмдэг болоод өнгөрөхтэй адил биш, энэ бол илүү чимээгүй, нуун дарагдуулсан асуудал юм."

-ОРЧИН ҮЕИЙН ӨНГӨ АЯСТАЙ ЭРТНИЙ ТҮҮХ-

Монгол Улсын магадгүй хамгийн алдартай түүхэн хаан болох Чингис хааны эзэнт гүрнээс 2000 гаруй жилийн өмнө оршин байсан Хүннү гүрний үед жүжгийн үйл явдал өрнөнө. 13-р зууны агуу удирдагч 1206 онд нүүдэлчин овог аймгуудыг нэгтгэж, Төв Ази, Хятадын өргөн уудам нутгийг эзлэн Монголын эзэнт гүрнийг байгуулжээ. Түүний ач хүү Хубилай хаан 1279-1368 оны хооронд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн болох Юань гүрнийг удирдаж байсан бөгөөд Браун хэлэхдээ Хятадууд энэ түүхээс ичдэг гэв.

"Энэхүү түүхийг эдүгээг хүртэл улстөржүүлсэн хэвээр байгаа агаад тун чухал бэлгэ тэмдэг юм" гэж тэр хэлэв. "Энэ бол одоо ч оршин буй асуудал ... Энэ бол 800 жилийн өмнөх зүйл огтоосоо биш".

Хятадын эрх баригчид "Чингис хаан", Эзэнт гүрэн, Монгол гэсэн үгсийг ашиглахыг эсэргүүцсэн гэж мэдээлсэн тул 2020 онд Чингис хааны тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байсан Францын Нант хотын музейн кураторууд бүтээлүүдийг буцаан далд хийж байсан нь яалт ч үгүй одоо цаг үед болоод буй асуудал юм. “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь” нэртэй уг үзэсгэлэн өнгөрсөн сард нээлтээ хийж, хориглоод байсан үгсийг ч үзүүлэнд багтаасан гэж тус музейн хэвлэлийн төлөөлөгч “The Art” сонинд мэдээлэв.

Лондонд уг жүжгийг “инээдэм хүргэм муу бүтээл”, “туйлын уйтгартай” гэхээс авахуулаад “бүх талаараа үнэхээр гайхалтай” хэмээн янз бүрээр шүүмжилж байгаа ч гадны улсад тоглогдож буй анхны Монгол бүтээл хийгээд үүний ач холбогдолтой хэн ч маргахгүй. "Уг жүжгийг Монголын Засгийн газар дэмжиж байгаа агаад урьд өмнө ч ийм жүжиг тавигдаж байгаагүй" гэж Ман хэлээд "Лондонд ирснээрээ асар их анхаарлыг татаад буй нь яалт ч үгүй зөөлөн хүчний бодлого юм" хэмээн нэмж хэлэв.

Харин Монгол Улсын Соёлын сайд Чинбатын Номин жүжгийг Монголын Засгийн газрын бодлого гэхээс илүүтэй, Лондонд уг жүжгийг толилуулж буй нь улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлэх замаар хоёр хөршөөсөө хамааралтай байдлаа бууруулах зорилготой өргөн хүрээний соёлын нэг хэсэг гэж тайлбарлав.

Ч.Номин Лондон дахь Монголын Элчин сайдын яаманд CNN-д ярилцлага өгөх үеэрээ “Би хэзээ ч энэ жүжгийг улс төрийн алхам гэж харж байгаагүй, гэхдээ би соёлыг хүмүүсийг хооронд нь холбогч зүйл гэж боддог. Соёлд хил гэж үгүй, улс төрөөс ангид бөгөөд хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг татах асар үр дүнтэй арга гэж Ч. Номин үзэж байна. 

Мөн тэрбээр “Монголынхоо нэр хүндийг нэмэгдүүлье.. илүү олон жуулчид ирээсэй гэж бодож байвал... Мөн зөвхөн хөрш орнууд гэлтгүй бусад улстай худалдаа, наймаа хийе гэвэл... соёл л энэ боломжийг олгодог” гэж  хэлэв. Өвөрмонголд тоглолтыг сүүлийн мөчид цуцалсан тухай Ч. Номин “Манай жүжгийг Хятадад тоглохыг хориглосон нь мэдээж таагүй мэдээ байсан. Улс орны хувьд бид хөрш орнуудтайгаа дипломат харилцаатай, тэдний дотоод асуудлыг хүндэтгэдэг” хэмээн онцолсон юм. Тэрээр цааш нь хэлэхдээ “(Өвөрмонголын ард түмэнд) манай улсын түүхийг харуулсан жүжиг үзэх боломж олдвол үнэхээр сайхан байх болно.

Ч.Номин хэлэхдээ, Монголын төрөөс "Монгол хаан" жүжигт санхүүгийн ямар ч дэмжлэг үзүүлээгүй. Харин зарим хүмүүстэй холбох, "төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа" зэрэг бусад сувгуудаар, тухайлбал жүжигт оролцож буй бүжигчдийг үндэсний бүжгийн багаас гарган дэмжих зэргээр тус жүжгийг дэмжсэн гэв.

Гүйцэтгэх продюсер Өнөрмаагийн хэлснээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тасалбарын 60 орчим хувь нь зарагдсан нь "хэний ч мэдэхгүй энэхүү брэнд зах зээлд гарч ирж байгаа сайн мэдээ" юм. Суртал ухуулга хийсэн ч бай, үгүй ч бай, жүжгийн нээлтийн үдэш үзэгчдийн алга ташилтаар өндөрлөж, АНУ, Канад, Тайваний промөүтэрүүд үзэгчдийн дунд байгаа харагдсан нь уг жүжиг дараа хаана ч тоглогдож болохыг илтгэх мэт" гэжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.