БИДНИЙ ТУХАЙ: "Монгол соёлоор будран шуурсан нэн ховор үзэгдэл Лондон хотод боллоо" хэмээж Тамгагүй төр жүжгийг онцолжээ

БИДНИЙ ТУХАЙ: "Монгол соёлоор будран шуурсан нэн ховор үзэгдэл Лондон хотод боллоо" хэмээж Тамгагүй төр жүжгийг онцолжээ

"Тамгагүй төр" жүжиг The Mongol Khan нэртэйгээр Английн Лондон хотын алдарт Колизэйд 16 хоногт нийт 17 удаа тоглогдож, 40 мянга гаруй хүртээл болсон. Тэгвэл musicaltheatrereview.com сайт "Монгол соёлоор будран шуурах нь нэн ховор үзэгдэл" хэмээн Тамгагүй төр монгол драмыг онцолсон нийтлэлийн нийтэлсэн байна.

Тус мэдээлэлд:  

Дөнгөж 11-р сар дүүрч, хэдийнээ орой болоод, та бидний дуртай дургүйг эс ялган баярын уур амьсгал орчихжээ. Театрын хувьд энэ нь эмтэрхий сэтгэл, эвдэрхий тоглолт гэсэн хоёр л утга. Харин Уэст-Эндийн хамгийн том тайзнаа Монгол соёлоор будран шуурах нь нэн ховор үзэгдэл.

Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол "Монгол хаан" жүжиг анх 1998 онд "Тамгагүй төр" хэмээх нэрээр тайзнаа амилж, харин продюсер Херо Баатарын англид таацуулсан овжин найруулгаар Лондонд ийнхүү тавигдаж байна. Монгол Улсын Драмын эрдмийн театрын 550 хүний суудал дүүрэн амжилттай тоглогдоод, Эдвард хааны сүр жавхлант 2359 хүний суудал бүхий Лондон Колизейд ирсэн нь энэ. Алдарт театрыг зорихдоо, зам зуураа мөнхийн чулууд лугаа адил алдарт уран бүтээлчдийг эгнээндээ элсүүлснээс дурдвал, түүхч Жон Мэн эх зохиолыг орчуулсныг, нэр хүндэт жүжгийн зохиолч Тимберлейк Уэртенбэйкер өрнөдэхний үзэгчдэд зориулан найруулсан бөгөөд, "Пи хүүгийн амьдрал” хэмээх киноны хүүхэлдэй урлаач Ник Барнс, гэрэлтүүлгийн дизайнер Эндрю Эллис, Майк Робертсон, Дэвид Грегори нарыг ч багтаа авчээ. Ийм аваргасанууд ард нь ажиллаж байгаа бол амжилтанд өөр юу хэрэгтэй юм бэ? Дал давсан тооны бүжигчид, жүжигчид тайзнаа байвал ямар вэ? Тийм шүү, тэгсэн ч байна.

Агуу Шекспирийн “Эндүүрлийн тухай инээдэмт жүжиг” туурвилаас ч нэн эмгэнэлтэй эл жүжгийн үйл явдал дэлхийд зартай монголчуудын эртний өвөг Хүннү гүрний үед өрнөнө. Их хаантан хоёр хатнаасаа хоёр нуган үртэй болох ч, том хүүдээ эргэлзэх учир буйн тул бага хүүгээ хаан ор залгамжлагчаар тунхаглана. Нялхсыг нууцаар сольж, Макиавеллийнх мэт үгсэн хуйвалдаж, улмаар олон амь үрэгдэх нь тоймгүй. Жүжгийн дүр бүхэн машид эмгэнэм. Зохиолч Бавуугийн (Лхагвасүрэнгийн) дүр дүрслэл уран бичлэг, Уэртенбэйкерийн найруулга байвч, ачлага нь ихэдсэн морь мэт, жүжгийн хүүрнэл нь сүр хүчээ дуурьсгах учирт нуршуу, мөн ягшсан албархуу болж. Хоёр хатан нь түүхэн эмэгтэйчүүдийн тухайд түгээмэл тохиодог тунчиг эмгэнэлт дүрүүд байх агаад нунж дорой, эсхүл хайрлам ноомой нь хожмын Монголчуудын түүхнээ тодорсон Өэлүн эх, Алунгуа гэх мэт хүчирхэг хатдын цадигтай тэрсэлдэнэ. Олиггүй эцэг хийгээд өөдгүй хүүгийн хорон атгаг санааг татаж унах өвчнөөр илтгэх нь өчүүхэн таагүй.

Гэсэн атал туйлын гайхууштай нь, адайр яхир шүүмжлэгч надад ч эл жүжгийн хоёр хэмжээст дүрүүд, ааг цоог өрнөл, аянгын дөржөм нүргээн мэтэс нь өчүүхэн ч тээртэй санагдсангүй. Яагаад гэж үү? Энэ жүжгийн нүд гялбуулсан тансаг төрх. Театрын нүсэр том тайзыг үлэмж олон бодос, оргилуун эрч хүч, уран цэгц бүжээн үргэлжид дүүргэн өрнөж байв. Чухамдаа үзэхүйеэ мэлмийн баясгалан. Өчүүхэн ч тээг садаа, тээр удсан дэг бүжиг үгүй, харц тэнэх завсар алга. Тайзны дээгүүр хийгээд хажуугаар эгнэх хээнцэр ширмэл чимэг, алтан морьд, Болд Очиржанцангийн гойд уран дэгжин алтан чимэгт хувцас зэрэг нь 1904 онд Фрэнк Матчамын эл театрт зориулан урласан дотоод заслыг ч даван тодорно.

Жүжгийн гол дүрүүд нь төрт ёсон, нэр төрийн төлөө халагламаар тэмцэлдэж ахуйд бүцээчдийн бие бүрэлдэхүүн эргэн тойронд нь сүрэг шувуухайс мэт хуйрнан үелзэнэ. Тайз дүүргэн, дүрүүдийн цуурай мэт үелэн намалзаж, хүсэл хяслынх нь тусгал сүнс болон хөвөлзөнө, эцсийн тулааны үзэгдэл бол үнэндээ туульслаг. Хатанхуягийн Хашхүү, Даваасүрэнгийн Баярбаатар нарын дэглэсэн бүжиг үүргээ чухам гүйцээжээ. Очиржанцангийн Болдын бүтээсэн хувцас өмсгөл хийгээд Баттогтохын Одбаярын зохиосон хөгжим нь Монголын түүхийн тухай олон янз ойлголтыг нийтгэн зохируулснаар, түүхийн мэдлэг гүехэн голдуу үзэгчдэд ойлгоц хүртэцтэй байхаар найруулжээ. Гэхдээ тэд яаж чухам амжилтанд хүрээд байна вэ?

Тоглолтын туршид би вээр эрүү мултраастай л үзэж суулаа. Алтан гургуулын алд урт өдөд арван таван бүжигчний толгой дээр намиран эргэлдэж, өмсгөл даашинзны хормой агаарт хөлөг онгоцны далбаа лугаа хөөрөгдөж, Барнсын бүтээсэн үлгэрийн луу утаа бургиулан байна. Аа тийм, бүжгийн баг зүүсгэл эрээлжлэн, цамнан дэгдэж, тойром бүжихдээ давхарлаг үүсгэн, мушгиралдан хөрвөлдөх нь уулга алдам төгөлдөр яруугаар нүүдэлчин ахуй ертөмцийг үүтгэн бүтээх ажгуу.

Эрдэнэбилэгийн Ганболд бол хүрсэн газар нь ханаран цөмрөм гуйвшгүй чигч, дайвшгүй чанд сүр төгс дүр төрх, дуу хоолойтой Их хаантан. Харин Сугарын Болд-Эрдэнэ нь хаанд хонзогнон арсалдах өширхүү дүр. Уртнасангийн Уранчимэг, Одхүүгийн Дөлгөөн нар хатдынхаа ихээхэн хязгаарлагдмал дүрүүдийг аль чадахаараа бүтээсэн бол Баасанхүүгийн Шинэбаяр, Шадавын Доржсүрэнын бүтээсэн ха хөвүүдийн дүр нь сайн, муу нь илтэд ялгарах дүрүүд аж. Ер, жүжиглэх нь аядуу эмгэнэлт уянгын жүжгийн л хэв намба, гэхдээ ээдрээтэй дүр хүсээд байвал явж Ибсенийгээ үз!

Ардын дуу хөгжмийн олон янз маяг, өрнийн сонгодог болон орчин үеийн техно нүргээнийг хослуулсан хөгжмийг бараг бүхэлд нь бичлэг болгон бэлдэж, дууг нь ам барьжээ. Хэдий сэтгэл хөдөлгөм ч, нэг л наалдацгүй санагдав. Эцэст нь хэлэхэд, морьтон гүрэн атал, адууны хүүхэлдэй ч атугай үзэгдсэнгүй.

Мэдээж эдгээр егөө нь голомтгой шилэмтгий хүний л олж ядсан өө шүү дээ. “Хунт нуур”-ыг хая, хошин шогийг ч хойш тавь, “Наран жаргах өргөн чөлөө”-г бүү тоо, харин оронд нь хамгийн гайхан бахдам соёлоос өчүүхэн ч атугай хүрт. Лондон Колизейг дүүргэн дэгдэж, тойрон эргэлдэж, довтолгох замаа зүсэн цуучин гаргаж буйг нүдээр үзэж, сэтгэлээ цэнгүүл. Эл жүжиг шүүмжлэгч миний хувьд өмнө нь үзэж харж байсантай огт адилгүй гэдэг нь нэгийг өгүүлнэ бус уу. Шуурга нижигнэх мэт хэлний нүргэлээнт аялга, хөөмэйн дууллын ховсдом гүнгэнээ, эсхүл алтан малгай өмсгөлийн харших жингэнээн. Энэ бол чухамдаа Цаг хугацааны аялал; театрын хувьд хольцгүй шижир, хуудуугүй эгэл атлаа хувилгаан чадал төгс, ховорхон тохиох төгөлдөр. Эх сурвалжийн мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Габриель Уайльдинг