ВИДЕО: Ихэнх нутгаар 35-49 градус хүрч цочир хүйтрэх тул УИХ-ын гишүүд иргэдийг болзошгүй эрсдэл, осголтоос сэргийлэхийг анхаарууллаа

ВИДЕО: Ихэнх нутгаар 35-49 градус хүрч цочир хүйтрэх тул УИХ-ын гишүүд иргэдийг болзошгүй эрсдэл, осголтоос сэргийлэхийг анхаарууллаа

Сибирийн агаарын хүйтэн урсгал манай улсад орж ирсэний улмаас ойрын өдрүүдэд нийт нутгаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурах талаар ОБЕГ болон ЦУОШГ-аас иргэд, малчид, тээвэрчдэд анхааруулж буй. Тэгвэл эрсдэл дагуулж мэдэх хүйтний улирлын энэ үед iSee.mn редакцийн зүгээс иргэд олондоо зөв мэдээлэл түгээх, осголт, хөлдөлт зэрэг болзошгүй эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хүргэж байна.

ВИДЕО:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 35-49 градус хүртэл хүйтэрч, өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Хөрсөн дээр цочир хүйтрэхэд малчид болон хөдөө орон нутагт тээвэр хийж буй иргэдэд нэн эрсдэлтэй бөгөөд хөлдөх, осгох ч аюул учирч болзошгүй. Иймд бид салбарын сайд болон УИХ-ын гишүүдээс байр суурь, цаг үеийн мэдээллийг сонсож, иргэд, малчдадаа сэрэмжлүүлэх мэдээ хүргэснийг уламжилж байна.

Дорнод аймгаас УИХ-д сонгогдсон ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, “Сүүлийн 10 жил Монгол Улсын хувьд өнөтэй өвөл болж байсан ч өнгөрсөн жил зарим нутгаар зудтай байлаа. Харин энэ жилийн хувьд ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй, “шилэн зуд” гэж хэлж болохоор доогуураа мөстсөн байгаа нь мал болон малчдад ихээхэн хүндрэл үүсгэж байна. Цаашид ч цаг агаар нэлээд хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Иймд иргэд маань цаг агаарынхаа мэдээг тухай бүрд нь сонсож, гол нь малчид өөрийн болон ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд амь насыг сайтар хамгаалж, болгоомжлохыг хүсэж байна.

Онцгой байдлын ерөнхий газар маань ч сүүлийн үед машин техник, хүн хүч, мөн нисдэг тэргээр хүртэл малчдад тусалж байгаа нь нэн сайшаалтай. Ер нь онцгой байдлын газар, шуурхай алба өвс тэжээл тараахаасаа илүүтэй иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд анхаарал хандуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах нь юунаас ч илүү чухал байна” гэсэн юм.

Мөн Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “2023 оны зун “их халалт” болсон. Халалтын эсрэг талд өвөл нь маш их хүйтэрдэг. Дэлхий даяар цаг уурын нөхцөл байдал хэн нэгний тааж, тооцоолшгүйгээр асар хурдан өөрчлөгдөж байна. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, гамшгаас урьдчилан сэргийлэх, амь насаа хайрлаж, мал хөрөнгөө хамгаалах ёстой.

Мөн өвөлжилт хүндэрсэн газруудад малын хивэг, тэжээлийн үнийг хөнгөлж байгаа нь тун сайшаалтай.

Түүнчлэн шинэ технологи, хиймэл оюун ухааныг ашиглан малчдын амьдрах ахуйг өөрчлөх хэрэгтэй байна. Ер нь малын тоог багасгаж, чанаржуулах асуудал нэн чухал” гэлээ.

Харин Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Д.Өнөрболор, “Хүйтний эрч чангарч байгаа энэ үед малчид маань нэн түрүүнд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Манай улсын хувьд эрсдлийг бууруулах менежментийг боловсруулахгүй бол осол гарсны дараа арга хэмжээ авах нь ямар ч үр дүнгүй. Сэлэнгэ аймгийн хувьд цаг агаарын сэрэмжлүүлсэн мэдээг иргэд, малчдад түргэн шуурхай хүргэж байгаа. Тухайлбал ойрын өдрүүдэд хөрсөн дээр бараг -46 градус хүрч хүйтэрнэ. Иймд малчид, иргэд маань сонор сэрэмжтэй байж, цаг агаарын мэдээг байнга сонсож, аюулгүй байдлаа бүрэн хангахыг хүсэж байна” гэсэн юм.

Хүйтний эрч чангарч буй энэ үед хөдөө гадаа явахад болзошгүй аюул, бээрч осгох эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ хамгаалж, сэрэмжтэй байхыг иргэд, малчдаас хүсэж байна. Осголт гэдэг нь хүйтэн, нойтон, салхи, шуургатай газар удаан хугацаанд байснаас биеийн ерөнхий дулаан буурч, бүх эрхтэн тогтолцоонд өөрчлөлт гарахыг хэлнэ. Осголтын үед яаралтай арга хэмжээ авахгүй бол үхэлд хүргэх ч аюул тулгардаг. Иймд осголт болсон тохиолдолд нэн түрүүнд амьсгал, судасны цохилтыг шалгах, хөлдөж осгосон хүнийг аль болох өөрөөр нь явуулахгүй, хөдөлгөхгүй зөөвөрлөх, босоо байрлалд байлгах, хүйтэн, нойтон хувцсыг тайлах, хэрвээ ухаантай байвал халуун юм уулгах, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж нэн даруй дуудах буюу ойролцоох эмнэлэгт хүргэхийг анхааруулж байна.