АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп UFC холбооны ерөнхийлөгч Дана Уайтыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллахыг урьсан ч маргааш нь тоглож хэлсэн гэдгээ мэдэгджээ.
Тодруулбал, Д.Трамп арваннэгдүгээр сарын 7-нд өөрийн Truth Social сүлжээндээ Дана Уайтыг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргаар ажиллахыг санал болгож буй тухай нийтэлсэн байна. Тэрбээр Уайтыг “тулаанч, дайчин” хэмээн тодорхойлж, UFC-ийн алдартай тамирчдыг туслахаараа авчрахыг хүртэл санал болгожээ. Ингэхдээ Ислам Махачев, Хабиб Нурмагомедов, Жастин Гэтжи, Даниел Кормье, Кайла Харрисон, Аманда Нунес нарыг нэрлэсэн байна. Тухайн үед Дана Уайт Лондонд боксын тэмцээнд оролцож байсан бөгөөд Вашингтон руу нисэж, даваа гарагт Трамптай уулзана гэдгээ мэдэгджээ. Мөн Цагаан ордонд ажиллах саналыг хүлээн авах эсэхээ тодорхой хэлээгүй байна.
Гэвч маргааш нь /2026.11.08/ Трамп өмнөх мэдэгдлээ тоглож хэлсэн зүйл хэмээн тайлбарлажээ. Тэрбээр Дана Уайт уг албан тушаалыг сонирхож байгаа гэж хэлсэн ч өөрөө албан ёсоор санал тавиагүй гэдгээ тодотгосон байна.
Дана Уайт ч энэ үйл явдлын дараа Instagram хуудсандаа Цагаан ордны хэвлэлийн хурлын индэрийн ард зогсож буй зургаа нийтэлж, “Дараагийн бүлэг рүү” хэмээн бичсэн нь олон нийтийн анхаарлыг татжээ.
Д.Трамп, Дана Уайт нар олон жилийн харилцаатай хүмүүс юм. Тодруулбал, Д.Уайт 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн Трампыг нээлттэй дэмжиж ирсэн бөгөөд түүний сонгуулийн кампанит ажил, Бүгд найрамдах намын арга хэмжээнүүдэд оролцож байв. Трамп ч UFC-ийн тэмцээнүүдэд тогтмол очдог бөгөөд 2026 оны зургадугаар сард Цагаан ордны гадна UFC-ийн тусгай тэмцээн зохион байгуулсан юм. Дашрамд дурдахад, Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд өмнө нь Каролайн Ливитт ажиллаж байсан бөгөөд түүний дараа Кэти Закариа түр хугацаанд ажилласан ч удалгүй ажлаа орхисон байна.
Эх сурвалж: Reuters