НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хотын албан татварыг хоёроос нэг хувь болгох асуудлыг хэлэлцэнэ

НИТХ-ын ээлжит IX хуралдаанаар хотын албан татварыг хоёроос нэг хувь болгох асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит IX хуралдаан өнөөдөр /2026.11.09/ болно. Хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил зэрэг нийт 17 асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Тодруулбал, хотын албан татварыг зургаан төрлийн үйлчилгээнд мөрдөж буй хоёр хувиас нэг хувь болгон бууруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцохыг олон хоног дараалан хязгаарласан тохиолдолд авто зам ашигласны татвараас дүйцүүлэн хөнгөлөх асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн нийслэлийн дотоод үнэт цаас гаргах, нийслэлийн төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах, Эмээлт эко аж үйлдвэрийн парк болон бусад төслийг зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад "Багануур нүүрс-химийн үйлдвэр" ХХК байгуулах, "Сэлбэ хорин минутын хот корпорац" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах, байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох зэрэг асуудал багтжээ. Мөн нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх, балансаас балансад шилжүүлэх, акталж бүртгэлээс хасах, аялал жуулчлалын бүсийн менежментийн үйлчилгээний гэрээний хэрэгжилт болон НИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Энэ тухай эргэн мэдээлэх болно.