Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянбулаг суманд мал хариулж яваад сураггүй болсон таван иргэнийг эсэн мэнд олжээ.
Тодруулбал, Бууцагаан сумын Баян багийн “Битүү” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 218 км, сумын төвөөс баруун хойд зүгт 38 км/-т тус сумын харьяат иргэн С 2023.12.13-ны өдрийн 12.00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт мөн өдрийн 23.05 цагт бүртгэгджээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, Бууцагаан сумын ЗДТГ, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын ЗДТГ-ын ажилтнууд иргэн С /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.14-ний өдрийн 6.20 цагаас эхлэн зохион байгуулж, мөн өдрийн 14.46 цагт гэрээс урд зүгт 17 км зайтай “Цохиот толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Мөн Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай багийн ‘’Баруун Баянхонгор’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 345 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/ Завхан аймгийн Отгон сумын харьяат 4 хүн, 3 мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2023.12.13-ны өдрийн 20.40 цагт хүлээн авчээ. Иргэн П /46 настай, эрэгтэй/-г 2.00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км зайтай газар малтайгаа явж байсныг эсэн мэнд, Р, А нарыг гэрээс нь хойд зүгт 16 км зайтай Задгай-Ар гэдэг газраас эсэн мэнд олсон байна.