Э.Анужин: 18 жилийн дараа ээжтэйгээ уулзах мөч ямар ч сайхан зүүднээс илүү, хэзээ ч давтагдахгүй гайхалтай мэдрэмж төрүүлсэн /ВИДЕО/

Э.Анужин: 18 жилийн дараа ээжтэйгээ уулзах мөч ямар ч сайхан зүүднээс илүү, хэзээ ч давтагдахгүй гайхалтай мэдрэмж төрүүлсэн /ВИДЕО/

18 жилийн дараа эх, үр хоёр уулзсан гайхалтай мөчийн сэтгэгдлийг хуваалцахын сацуу, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн явцад амьдрахаар зүтгэж буй олон ээж, аавууд хайртай үр хүүхдүүдээсээ хол харь оронд хөдөлмөрлөж буй тэсвэр шаардсан амьдралын хатууг бид энэ удаагийн ярилцлагаараа хөндөхийг зорилоо. 

ВИДЕО:

Эл түүхийн эзэн охин Э.Анужин болон ээж Эрдэнэчимэг нарын 18 жилийн дараа уулзаж буй бичлэг олон хүний сэтгэлд хүрсэн билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

- Сайн байцгаана уу. Намайг Э.Анужин гэдэг. Хөгжим бүжгийн коллежийг 2018 онд төгсөж, жүжигчин мэргэжлээр 2022 онд Сити их сургуулийг төгссөн.

-Ээжтэйгээ 18 жилийн дараа уулзсан үйл явдлаас яриагаа эхлүүлье.  Таны сошиалд байршуулсан бичлэг маш олон хүнд хүрсэн байсан.

-Уг нь тэр бичлэгийг өөртөө хадгалж авах гэж хийсэн юм. Миний бичлэгийг манай ажлын хамт олон  болон найзууд үзэхийг хүсэж  “чи заавал бичлэг хийгээд оруулаарай. Ямар байсныг нь үзмээр байна шүү” гээд байсан болохоор хүн болгон руу явуулахаас залхуураад гэх юм уу ээжтэйгээ уулзсан богино бичлэгээ цахим хаягтаа оруулсан. Тэгсэн маш олон хүнд хүрсэн. Харин болсон явдлын хувьд зөвхөн ээж бид хоёр мэдэж байсан нууц үйл явдал болохоор би ганцаараа очиж тосож авч таарсан. Эмээ, дүү хоёртоо юу ч хэлээгүй байж байгаад очсон болохоор тэр хүлээн авалтыг нь харахад надад сонирхолтой гоё байсан. Нандин мөчөө хадгалж авах гэж л бичлэг хийсэн.

-Та хоёр 18 жилийн турш хол байх болсон түүхээ хуваалцаж болох уу?

-Тэгэлгүй яах вэ. Манай ээж одоогоос 18 жилийн өмнө Солонгост ажиллахаар явсан. Тухайн үед нийгэм маш хэцүү  байсан учраас яг тэр үед Солонгос руу олон ч хүн явсан. Ээжийг явахад би жаахан байсан болохоор юу болоод байгааг ч мэдэхгүй. Явж байгааг нь бараг ойлгохгүй шахам үлдэж байсан. Тэгээд том болохын хэрээр ойлгож эхэлсэн. “Аан ээж дээ ойрхон байх ёстой байсан байна. Ээж минь бидний төлөө хол явсан юм байна. Намайг энд ажил мэргэжилтэй болгохын тулд миний төлөө тэнд ажиллаж байгаа юм байна” гэхчлэн ухаан суух тусам олон зүйлийг ойлгосон.  Гэхдээ энэ байдлаа хэцүү асуудал гэж ерөөсөө боддоггүй байсан. Гэтэл нэг өдөр ээж маань гэнэтийн байдлаар “ээж нь шинэ жилийн өмнө очихоор боллоо. Олон жил боллоо. Миний охин сургуулиа төгсөөд ажил хийгээд хоёр жил болсон байна. Одоо эмээ,дүү дээр нь гэр бүлдээ очих цаг болсон байна. Яваад очъё” гэсэн. Тэгэхээр нь ерөөсөө л хэнд ч хэлэхгүй бүгдээрээ уулзъя гэж төлөвлөөд ганцаараа тосохоор очиж ээжтэйгээ уулзсан. Тэр мөч үнэхээр хайрламаар ямар ч сайхан зүүднээс илүү. Дахиж давтагдахгүй сайхан мэдрэмж байсан.

Бас миний бичлэгийн дор олон хүүхэд сэтгэгдэл бичсэн байсан. Тэндээс олон айлын хүүхдүүд, ээж, ааваасаа хол ажиллаж амьдардаг юм байна. Би ганцаараа биш юм байна шүү дээ гэдгээ ойлгосон.

-Та хоёрын бичлэг маш олон хүнд хүрсэн. Дийлэнх нь эергээр хүлээн авч байсан бол зарим сөрөг сэтгэгдэл үлдээсэн байсан. Хүмүүс нэгнийхээ амьдралыг хэт шүүсэн тухайлсан үгс нь танд яаж туссан бэ. Энэ талаар бодлоо хуваалцаач?

-Цөөн хэдэн сөрөг сэтгэгдэл орж ирсэн. Гэхдээ би дандаа устгаад байсан л даа. Маш цөөхөн л дөө. Гэхдээ тэдгээр сэтгэгдлийг хараад ямар сонин үзэл бодолтой хүмүүс байдаг юм бэ гэж бодсон. Яагаад гэвэл “бүхэл бүтэн 18 жил хүүхдээ хаяж явахдаа юу бодож байсан юм” гэж бичсэн байсан. Тэдэнд би зүгээр л ийм л хариулт хэлмээр байсан. “Амьдрах гэж” гэдэг үгийг “Амьдрахын тулд” гэдэг үгийг л хэлмээр байсан. Одоо миний энэ ярилцлагын доор ч гэсэн сэтгэгдэл бичихдээ та иймэрхүү зүйл бодож байгаа бол бид бүгдээрээ яг адилхан амьдрахын төлөө зүтгэж байгаа. Амьдрахын төлөө ажиллаж байгаа. Амьдрахын төлөө бүх шийдвэрийг гаргаж байгаа. Бид өөрсдөө ухаантай бол бид хэзээ ч буруу замаар явахгүй. Яг л хийх ёстойгоо хийж, зөв замаар амьдралаа босгох зориг зүрх бидэнд бий. Тэгэхээр юмсыг сөрөг талаас нь биш. Эерэг талыг нь дандаа харж энэ хүн юуг туулж өдийг хүрсэн бэ гэдгийг нь харж байгаарай гэж хэлмээр байна даа.

-Энэ хугацаанд ээж дээрээ очих боломж байсан уу. Очих гэж оролдож байв уу?

-Бодож үзэж байсан шүү. Гэхдээ би багаасаа л нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Тиймээс жаахан байхаасаа л драмын дугуйланд явж эхэлсэн. Тэр үеэс ер нь л завгүй байсан. Дараа Хөгжим бүжигт ороход мөн л зав чөлөө муутай байдаг болохоор зуны амралтаараа л амарч чаддаг байсан. Тэгээд тэр зуны амралтаар явах гэхээр драмын дугуйлангийн зураг авалт гэхчлэн ажлууд гарч ирнэ. Бас яг тухайн үед бол нэг их Солонгос руу явъя гэсэн бодол орж ирж байгаагүй. Намайг харьцангуй бага байхад явсан бас завгүй байсан болохоор санах мэдрэмж харьцангуй гайгүй байсан. Ээжийгээ угаасаа тэнд ажилтай байгаа. Нэг л өдөр ирэх юм чинь л гэж боддог байсан. Түүнээс хойш том болоод би ээж дээрээ очих ёстой юм болов уу гээд явах ажлаа хөөцөлдөж эхэлж байхад ээж өөрөө ирэхээр болоод бид Монголдоо уулзсан.

-Ээжийнх нь Монголдоо ирсэн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Нэлээд гайхсан. Нисэх онгоцны буудлаас гарч ирээд “энэ салхи, энэ агаар шал өөр байна шүү” гэдэг үгийг хамгийн түрүүнд хэлсэн. Тэгээд нисэхээс хот руу явж байхдаа “хөөх энд ийм барилга баригдсан юм уу. Хөөх би яг хаана явж байгаа юм бэ. Ингэж удаан явж байгаад хот руу ордог байсан билүү” гээд нэлээд гайхсан байдалтай байсан. Ирсэн өдөр нь бид гадуур дэлгүүр хэсэж гэр бүлээрээ хамт өнгөрүүлсэн. Тэгэхэд бас “Монголын дэлгүүр ийм болсон юм уу. Миний үед байсан зүйлс шал өөр болсон байна. Монгол ер нь бол утаатай ч болохоос биш хөгжсөн байна” гэж байсан. Монголоо маш их санасан гэдгээ ирээд л мэдрэх шиг болсон. Солонгост байхдаа ерөөсөө санаж байна гэж ярьдаггүй байсан. “Энэ салхи, энэ агаар шал өөр байна” гэдэг үгийг их хэлж байсан. Тэгэхээр яах аргагүй Монголын салхи гэж тус даа бас нэг өөр байгаад байх шиг байна лээ.

-Энэ сэдвийн төгсгөлд нэг уриалга хэлүүлмээр байна л даа. Өмнө нь  ярианыхаа дунд “яг над шиг ээж ааваасаа хол олон жил болсон хүүхдүүд байдаг юм байна лээ” гэж хэлсэн шүү дээ. Тэдгээр хүүхдүүдэд зориулж зөвлөмж хэлж өгөөч. Ярихад амар ч туулахад хэцүү зүйлс олон байдаг байх.  

-Би 18 жил ээжээсээ хол байхдаа эмээ дээрээ өссөн. Эмээгийн маань хайр ээжийн хайраас дутахааргүй маш их. Тиймээс хайр халамжийг мэдэрч өссөн. Бас багаасаа завгүй ажилладаг байсан. Эмээ маань ч ээжийгээ бодох сөхөөгүй намайг завгүй байлгаж, хөгжүүлэхэд анхаарсан. Тиймээс би таван настайгаасаа Монголын үндэсний телевизэд хөтлөгчөөр ажиллаж, түүнээс хойш “Маамуу” нэвтрүүлгийг хөтөлж, жүжигт тоглож өөрийгөө олох гэж хичээдэг байсан. Тэр маань нэг талаас өөрийгөө завгүй байлгаж, ээжийгээ санах мэдрэмжийг дарж өгдөг байсан байх гэж боддог. Бас мэдээж ээжийгээ санах үе зөндөө гарна. Ээж хажууд байсан бол гэж шантрах үе олон байдаг байсан. Гэхдээ цаг үе өөр болж бид бие биеэ утсаар хараад ярьж болдог болсон нь сэтгэлийг дэвтээж өгдөг байсан юм байна лээ.

Тэгэхээр яг над шиг байдалтай олон хүүхдэд хэлэхэд өөрийгөө маш завгүй байлгаж, энэ цаг хугацаагаа надад хөгжих боломж олгох цаг хугацаа гэж бодож байгаарай. Ямар ч үед чиний гэр бүл л хамгийн сайн найз чинь байдаг юм шүү.

-Одоо таны талаар ярилцъя. Э.Анужин нь ямар мэргэжилтэй, хаана ажилладаг вэ?

-Би жүжигчин. Давхар багшилдаг. Жүжигчний чиглэлээр таван настайгаасаа ажиллаж, суралцаж ирсэн. Сургуулиа төгссөний дараа “X ТҮЦ” продакшны “Зохиолгүй амьдрал” жүжигт оролцон тоглосон. Одоогоор Reaction продакшнд харьяалагдаж, жүжигчнээр ажиллаж байна. Мөн уран бүтээлийнхээ хажуугаар Сити их сургуульд давхар багшаар ажиллаж байгаа. Анх гурван настайдаа би жүжигчин Одончимэг эгчийг зурагтаар хараад “Яг энэ эгч шиг болмоор” гэж хэлж байсан. Одоо хэлсэн үгэндээ хүрч жүжигчин мэргэжлээрээ сурч төгсөөд ажиллаж байна. Миний Хөгжим бүжгийн коллеж төгссөн зорилго маань жүжигчин мэргэжилтэй холбоотой байсан. Яагаад гэвэл жүжигчин хүн болгон өөрийн гэсэн онцлогтой байх ёстой гэж ээж, аав хоёр маань хэлдэг. “Тиймээс миний охин урлагаар л явъя гэж бодож байгаа бол урлагаар л хүмүүжүүлье” гэж Хөгжим бүжгийн коллежид оруулж өгсөн. Тэрэнд нь би одоо маш их баярладаг юм. Тэгээд одоо яг энэ мэргэжлээрээ үнэнчээр үхэн үхтлээ зүтгэнэ гэж бодоод л явж байна.