Б.Учрал: "Торент" нэрээр анх 15 настайгаасаа найзууддаа зориулан лайв хийж эхэлсэн /ВИДЕО/

Б.Учрал: "Торент" нэрээр анх 15 настайгаасаа найзууддаа зориулан лайв хийж эхэлсэн /ВИДЕО/

Бид энэ удаагийн Social ID буландаа цахим сүлжээнд олонд танигдсан Б.Учралыг онцлон ярилцлаа. Тэрбээр 2015 оноос эхлэн олон нийтийн сүлжээнд бичлэг хийж, монголчуудад “Torent” нэрээрээ танил болсон билээ. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-Та яг одоо бидэнтэй хаанаас холбогдож байна?

-Би Австрийн Вена хотоос холбогдож байна.

-Манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу. Намайг Torent гэдэг. Миний монгол нэрийг Учрал гэдэг. Одоо 23 настай.

-Та цахим сүлжээнд монголчуудын дунд нэлээд танил болсон. Энэ бүхэн хэлний асуудлаас эхэлсэн гэж хардаг. Тэгэхээр таны монгол хэлний талаар ярилцъя. Хаана яаж Монгол хэл сурав. Өөр ямар хэл мэдэх вэ?

-Би анх 2015 оноос хойш 15 настайдаа шууд бичлэг хийж эхэлсэн. Үнэнийг хэлэхэд би бичлэг хийсээр байгаад Монгол хэлээ сайжруулсан. Би энэ улсад 20 жил амьдарч байгаа учир миний төрөлх хэл Герман хэл гэж хэлж болно. Түүнээс гадна Франц, Англи хэл мэднэ.

 -Одоогоос  долоон жилийн өмнө сошиалд таны талаарх мэдээлэл их гардаг байсан. Яг ямар үйл явдлаас эхэлж хүмүүс ярих болов. Хүмүүс олноороо гэнэт таны талаар ярьж эхлэхэд  ямар санагдаж байсан бэ?

-Тухайн үед би Монголд очоод ирсэн үе байсан. Монголд байх хугацаандаа 32 дугаар сургуульд суралцаж байсан. Тэгээд найзууддаа харуулах зорилгоор анх лайв хийж эхэлсэн. Тухайн үед найзууд маань “хөөрхөн Учрал найз маань шууд бичлэг хийж байна” гээд миний бичлэгийг тараадаг байсан. Тэгээд л намайг танихгүй хүмүүс “ямар сонирхолтой юм бэ. Монгол хэлээр ярьж чаддаггүй юм байна. Хаана байдаг охин бэ” гэж анх лайв бичлэгээр гарч ирсэн. Хүмүүс ер нь нэлээд гайхаж, намайг сөргөөр хүлээж авсан. “Яагаад монголоор ярьж чаддаггүй юм бэ. Яг монгол хүн мөн юм уу” гэхчлэн олон юм асуудаг байсан. Гэхдээ одоо харахад тухайн үед 15 настай хүүхдийг сошиалд бөөнөөрөө ярьж, арай л дээрэлхүү хүлээж авсан юм болов уу гэж боддог.

-Гэр бүл нь тухайн үед таны шууд бичлэг болон Монголчуудын сэтгэгдлийг хэрхэн хүлээн авч байв?

-Гэр бүл маань миний бодсоноос эсрэгээр уурлаж биш намайг маш их дэмжсэн. Гэхдээ ээж маань жаахан санаа зовсон. Яагаад гэвэл тэр үед би жаахан байсан шүү дээ. Тэгээд удалгүй дасаад намайг хамгийн сайн дэмждэг болсон.

-Австрид хэдэн жил амьдарч байна. Анх яаж очсон бэ?

-Би Увс аймгийн харьяатай хүн. Анх гурван настайдаа аав ээжийн хамт амьдрахаар ирж байсан. Энэ хотод манай ах дүү нар байсан болохоор бүгд хамтдаа нэг дор амьдрахаар Австрид бөөнөөрөө ирсэн юм байна лээ.

-Монголчуудаас ямар сэтгэгдэл их очдог вэ?

-“Хиймэл охин” ч гэдэг юм уу сөрөг сэтгэгдэл нэлээд ирдэг байсан. Одоо харьцангуй гайгүй байгаа.

-Таны алмазан чулуу гэдгийг алмас чулуу гэж хэлсэн нэг жөүк байдаг даа. Одоог хүртэл хүмүүс дуурайгаад байдаг. Тэр бичлэгийн талаар яривал?

-2020 онд байсан байх аа. Ковид гарах үеэр гэртээ байж байхдаа “Хэдийнбэ” гэдэг нэвтрүүлгийг үздэг байсан юм. Тэр нэвтрүүлэгт оролцсон нэг эгч “Сингапураас авсан алмазан шигтгээтэй ээмэг, үнийг нь хэлэх үү. 40 сая” гэж хэлсэн нь хөгжилтэй санагдаад дуурайж хийсэн юм. Тэрийг хүмүүс ерөөсөө ойлгодоггүй юм шиг байна лээ. Намайг чинь хазгай хэлтэй гээд шүүмжлээд л байсан. Манай эндхийн монголчууд алмазыг алмас гэж уншиж ярих тохиолдол байдаг байсан. Тэгээд би бичлэгт хэлэхдээ “алмас” гэж хэлсэн.

-Германаас Монголын талаарх мэдээлэл хаанаас яаж авч байна?

-Би маш их гайхдаг байсан. Монголд албан ёсны сонин сэтгүүл байдаггүй юм байх даа гэж боддог байлаа. Миний харснаар бүхэл бүтэн улсын буюу Монгол Улсын мэдээлэл авах цэг нь фейсбүүк болсон байсан. Тиймээс би бас фейсбүүкээс монголын талаарх мэдээ мэдээллийг авдаг. Миний амьдардаг улсад Монголын талаарх мэдээлэл гардаггүй болохоор хүмүүс нь ч мэддэггүй. Ер нь монгол хүн ч ховор байдаг болохоор эндхийн хүмүүс намайг монгол хүн гэж ярихаар гайхдаг. Арай мэдлэгтэй судалгаатай хүмүүс нь Хятад, Орос хоёрын дунд байрладаг улс гэж мэддэг.

-Фейсбүүкээс хүлээж авсан  мэдээлэлдээ тулгуурлаад монголын талаарх бодлоо илэрхийлээч. Юу гэж бодогдож байна. Ямар асуудал тулгамдаж байгаа юм шиг санагддаг вэ?

-Би анх лайв хийж эхлэхдээ 15-тай хүүхэд болохоор улс төр ярих болоогүй гэж бодоод тоолгүй өнгөрүүлж, би хүүхэд байх ёстой л гэж боддог байсан. Гэхдээ үргэлж монголын талаар сөрөг мэдээлэл хараад байхаар надад ч бас нөлөөлсөн. Ер нь Монгол цустай хүн болгонд хамааралтай зүйл учраас их санаа зовдог. Тиймээс Монголын талаар бодох юмаа гадагшлуулалгүй хувьдаа боддог. Доромжилсон биш яг үнэнийг хэлэхэд Монгол маань социализмын үедээ гацчихсан юм шиг санагддаг. Бас улс төр лүүгээ хэт ороод байгаа юм шиг харагддаг.

-Хамгийн сүүлд хэзээ Монголд ирсэн бэ. Хаагуур явж үзэв?

-Би хамгийн сүүлд 2019 онд Монголд очсон. Харамсалтай нь би хөдөө явалгүй яг хотод л байсан. Яагаад гэвэл Монголд очихоор үнэндээ надад идэж чадах юм олддоггүй. Мөн хөдөө явъя гэхээр модон жорлонгийн асуудал байна. Бас би мориноос айдаг юм. Харамсалтай ч гэсэн хөдөө хэрхэн амьдрах туршлага надад байхгүй. Насаараа хотын стандартад зохицож амьдарсан учраас Монголын хөдөө надад жаахан зэрлэг санагддаг.

-Улаанбаатар хотын талаарх сэтгэгдлээ хуваалцвал?

-Улаанбаатарт метро ч гэдэг юм уу олон нийтийн тээврийн хэрэгсэл сайн хөгжөөгүй. Маш жижиг газар дээр маш их байшин барилга барьж ямар ч гишгэх зайгүй жижиг хот шиг санагдсан. Тэгсэн хэр нь 2 сая шахуу хүн амьдардаг. Харин гэр хорооллын хувьд бүр хэцүү, зэрлэг. Би бол хэзээ ч байж чадахааргүй газар шиг санагдсан.

-Таны байгаа улс, хотод очихдоо хүмүүс танаас зөвлөгөө тусламж хүсдэг үү?

-Анх лайв хийсний дараагаас бараг л миний байдаг газарт ирнэ гэж хэлдэг байсан болохоор айдас төрөөд нэг хэсэг би "Австрид биш австралид байдаг байгаа шүү" гэж хэлдэг байсан.

-Цаашид ер нь хаана ажиллаж амьдрахыг зорьж байна. Монголдоо ирэх бодол байдаг уу?

-Миний гэр бүл, ах дүү нар, найзууд бүх зүйл энд бий. Би Вена хотоо ч маш сайн мэддэг болохоор цаашид эндээ л амьдарна гэж бодож байгаа.