Франц Улсын Нант хотын Түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” сэдэвт үзэсгэлэнг 2023 оны аравдугаар сарын 14-өөс иргэдийн хүртээл болгож байгаа бөгөөд тус үзэсгэлэнд Чингис хаан Үндэсний музейн үзмэрүүд болон Францын Үндэсний архив, Үндэсний номын сан, Димейн музей, Луврын музейд хадгалагдаж байгаа Монголын эзэнт улстай холбоотой нийт 400 гаруй олдвор дурсгал дэлгэгдээд байгаа. Тэгвэл Монгол болон Хятад Улсын соёлын дайн Францад ихээхэн төвөг удаж байгаа талаар "Nikkei Asia" сайт нэгэн нийтлэлийг онцолжээ. Тус нийтлэлийг орчуулан хүргэе.
Францын баруун хэсэгт байрлах Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гуилет 2020 онд Хятадаас авсан мэдээнд ихэд цочирджээ. Энэ нь Хятадын хойд хэсэгт байрлах түнш музейгээс нь тавьсан тун хэцүү шаардлага байсан гэнэ. Тодруулбал, “Чингис хааны тухай үзэсгэлэн гаргахаар Нантад илгээж буй эд өлгийн зүйлсийг "Чингис хаан, Монголын эзэнт гүрэн” гэсэн үгсийг дурдаагүй тохиолдолд л дэлгэх боломжтой” гэжээ.
Харин Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гуилет уг саналыг хүлээж аваагүй тул Франц болон Хятад улс хэлэлцээр хийж, үзмэр авч чадаагүй байна. Найман зууны өмнө нас барсан хэдий ч Солонгосоос Польш, Украин, Киевт хүртэл түүхэн дэх хамгийн том гүрнийг байгуулсан агуу Монгол дайчин орчин үеийн геополитикт асар их нөлөө үзүүлж байна.
Энэхүү Францын үзэсгэлэн нь Хятадын монгол хэл, соёлыг дарангуйлах ажиллагаатай давхцсан азгүй явдал байлаа. Хятадыг Чингис хаан болон түүний залгамжлагчдын үеийн Монголын эзэнт гүрэн эзэлсэн нь тус улсын түүхийг дурддаг хувилбарт тохирохгүй "үнэн" байжээ.
Нант хотын түүхийн музейн захирал Бертран Гуилет Дорно дахины дундад зууны үеийн их гүрний талаарх баруунд буруу ойлгогдсон үзлийг засахыг зорьсон нь хачирхалтай. Тэрбээр, "Бид Евроцентризмд эргэлзэж, юмсыг арай өөрөөр харах хэрэгтэй. 13-14-р зууны үед дэлхийн хүчний төв нь өөр газар байсан” гэжээ. Харин Францын Стратегийн судалгааны сангийн судлаач, Хятад улсыг шинжээч Антуан Бондаз хэлэхдээ, "Улсынхаа нэр алдрын төлөө түүхийг дахин бичих хүсэл хэдэн жилийн турш БНХАУ-д байсаар байна. Тэд Хятадын түүхийг нэгдмэл, хялбаршуулсан байдлаар дахин бүтээж байгаа нь Хятадын олон янз байдлыг арилгаж байна” гэжээ.
Аз болоход Нантийн музей болон дундад зууны үеийн түүхийг сонирхогчид гайхалтай үр дүнд хүрсэн нь Чингис хааныг үндэслэгчээ гэж үздэг Хятадын хойд хилийн тусгаар тогтносон Монгол Улсын Засгийн газар дээрх маргааныг сонсоод өөрийн музейн эд өлгийн зүйлстэй хамтран ажиллахыг санал болгов.
Газар дэлхий даяаршсан дундад зууны үед монголчууд дайн тулаанд догшин ширүүн байдгаараа бус, эрх баригч гэр бүлийнхээ хүрээнд харьцангуй зөвлөлдөх төрийн тогтолцоотой байдгаараа алдартай байв. Тэд эзэлсэн газар нутагтаа янз бүрийн шашин шүтлэг, үндэс угсаа, түүнчлэн холимог гэрлэлтийг хүлцэн тэвчиж байжээ. Харин Ши Жиньпингийн удирдлага дор Хятад улс хэл, соёлын олон талт байдлыг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байгаа бөгөөд уян хатан, нарийн төвөгтэй байдлыг үгүйсгэсэн түүхийг олон нийтэд түгээхийг хичээж байна.
Урлаг, эд өлгийн зүйлд тулгуурласан музейн үзмэрүүд геополитикийн шуурганд үргэлж өртсөөр ирсэн.
Чингис хаантай холбоотой зарим урлагийн бүтээлийг авахаар Санкт-Петербург хотын Эрмитажийн музейд хандахаар төлөвлөж байсан ч Оросууд Украин руу довтолсоноор тасалдсан юм. Мөн Чингис хаан, Хубилай хааны торгон дээрх 14-р зууны хөргийн хуулбартай таарч байсан тул эх хувийг нь хадгалдаг Тайвань дахь Үндэсний ордон музейгээс авахаар зөвлөлдсөн ч Бээжинтэй зөрчилдсөний улмаас тэднийг хилийн чанадад гаргахыг зөвшөөрдөггүй байв.
Ийнхүү "Өнгөрсөнийг удирддаг хүн ирээдүйг удирддаг. Одоог удирддаг хүн өнгөрсөн үеийг удирддаг" гэдгийн адилаар Хятад улс түүхийнхээ талаарх ойлголтыг удирдан чиглүүлэхээр хичээж байна.