Манай Ерөнхий сайд “галзуурч” байна

Манай Ерөнхий сайд “галзуурч” байна

Монголын Ерөнхий сайдын ам алтаар урсах нь халаг “галзуурч” байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өчигдөр хийсэн мэдэгдэл тоон утгаар арвин байв. Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ гэгчээр эдгээр тоог ус шиг сэгсрэлгүй тогтоогоод авахад тун гэмгүй. Сонгуулийн жилийн босгон дээр эрх баригч намын дарга аль өөдтэйгөөрөө “түрээ барих” бол дэлхийн бүх улс оронд тогтсон жишиг.

Улс төр ба нийгэм хоорондын харилцаанд эрх баригчдын алдаа оноог тоон үзүүлэлтээр нотлох нь хамгийн бодит дүгнэлтэд хүргэдэг учраас ийм соёл тогтсон байдаг. Эдийн засгийн үзүүлэлт ярьдаггүй, өсөлт бууралтыг задалж дүгнэдэггүй газар популизм гаардаг. Хийрхэл, хэрүүлээс өөр нийтлэг юмгүй, нэг тоо гарсан ч нэг бол зүлгэн гялалзуулж, нөгөө бол уландаа гишгэлж, янз бүрээр гуйвуулж талцсан нийгмийг бид одоо андахгүй болсон. Тэр чинь бид шүү дээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, эрх баригч намын даргын ярианд нухацтай хандах цаг яг одоо л юм.

Ерөнхий сайд өчигдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг төлснөө дуулгав. Энэ бонд хоёр, гуравхан жилийн өмнө Монголын Засгийн газрын хоолойд тулаад байсан дефольтын нэг гогцоо, сүүлчийн гадаад өр байсан бөгөөд өөрийн эх үүсвэрээр бүрэн барагдуулснаар гадаадын санхүүгийн зах зээлд энэ тухайгаа мэдэгдэх нүүртэй болов.

Одоо хөрөнгө оруулагчдын өмнө бүрэн улсын Ерөнхий сайд шиг эн тэнцүү зогсож, хулчийх юмгүй харилцах, дахин хөрөнгө татах үүд нээгдлээ. Өнгөрсөн жил Хөгжлийн банкны “Евро” бондын 500 сая ам.долларын өрийг мөн өөрийн эх үүсвэрээр бүрэн төлснийг зарлахад цаана нь “Самурай” амдаж байснаа бодвол ч өр ширийн тухайд айдгаа авдрандаа хийжээ. Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд өнгөрсөн хугацаанд 13.3 их наяд төгрөг зарцуулсан байна.

Дотоодод өнөөдрийн бас нэг гол мэдээ хулгай нүүрлэсэн Хөгжлийн банкийг сонгодог Эксим банк болгох Засгийн газрын шийдвэр бөгөөд олны анхаарлыг татах учиртай үйл явдал мөн. Эрхзүйн зохицуулалтыг нь УИХ-д өргөн барьж байгаагаа зул сарын бэлэг шиг л дуулгав. Олон улсын туршлагаар бол, аливаа улсын Эксим банк үндэсний компаниудын экспортод чиглэсэн арилжааг дэмжин санхүүжүүлэх зээл олгодог Засгийн газрын банк буюу агентлаг юм. Өмнөх Хөгжлийн банк л гэсэн үг, гэхдээ улс төрөөс ангид орчин үеийн засаглал, мэргэжлийн ур чадвар, мэдээж авлигаас ангид шударга ёсны зарчим тавьж, цэвэр зах зээлийн өрсөлдөөнд тулгуурлахыг Ерөнхий сайд амлах ёстой. Түүний эл шийдвэр Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдийг сэтгүүлчидтэй нийлж барсан онцгой тохиолдол байсныг санах хэрэгтэй. 90-ээд оны эхэн, дунд үест Монголын Хуулийн сайд нь өр барагдуулах албандаа эрүүгийн гэмт хэргээр ял эдэлсэн ширүүн “гаруудыг” дайчилдаг байсантай харьцуулахад эрүүл нийгмийн хандлага тогтож байна гэж бас харж болох мэт, хоржоонтой ч гэсэн.  

“Амаргүй” гэдэг үгийг амнаасаа амархан алддаг байсан Л.Оюун-Эрдэний ам алтаар урсахыг бүгд чагнав. Ковидын үед -4.7 хувьтай байсан эдийн засаг улирч буй 2023 оны урьдчилсан биелэлтээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наяд болж, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн  5.220 ам.долларт хүрч, анх удаа улсын төсөв болон төлбөрийн тэнцэл хамтдаа ашигтай гарч байгааг тэр их чухал царайтай зарлана лээ. Эдгээр тоон өсөлтүүд авлигатай тэмцэж, бондуудын гадаад өрийг хугацаанд нь төлсөнтэй шууд холбоотой. “Галзуу” сайн мэдээ биш гэж үү? 

Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой гэсэн хоёрхон газрын далд байсан авлигын сүлжээг хөвөхөд 12 жил үргэлжилсэн өрөө барагдуулж байгаагаас Монгол Улс авлигад живж байжээ.

Үйлдвэрлэл хөгжүүлж ажлын байр нэмэх, ядуурлыг арилгах сайхан зорилготой зээл улс төрийн хоёр том намын бүлэглэлд хүртээд дуусдаг, өршөөлийн хуулиар замхруулдаг байсныг дахин давтахгүй гэж Л.Оюун-Эрдэнэ хэлсэн нь авлигыг цэцэглүүлсэн томоохон хүчин болох МАН-ын даргын хувиар хэлсэн, бурууг бодитой хүлээсэн хариуцлагатай мэдэгдэл боллоо.

За одоо хамгийн чухал асуулт үлдсэн. “Айлын амьдралд энэ тоонууд хэзээ нөлөөлөх вэ” гэж. Иргэн, өрх, аж ахуйн нэгжүүд хөдөлмөрлөсөн, хичээсэн хэрээрээ шударгаар олох байсан их, бага орлогууд авлигын хүрээллийн цөөн гэр бүлд наалдсан өнгөрсөн хугацааны алдагдсан боломжийн өртгийн үнэтэй гашуун агаад үнэн асуулт. Нүүрсний сонсголын дараа үүнд хариулах бүр ч хэцүү болж байна. Таны төсөөлснөөс ахуй амьдрал тань хавьгүй сайн байх боломж байжээ.

Байдгаа шавхаж, өрийг өр тавьж дардаг байснаа бодвол бондын төлбөрийг хийсний дараа 4.5 тэрбум ам.долларын нөөцтэй үлджээ. Авлигын нууц урсгалыг бүрэн хааж эдийн засаг нээлттэй, ил тод болбол валютын нөөц 10 тэрбум ам.долларт хүрэх боломж байгааг Л.Оюун-Эрдэнэ дуулгасан. Алтаар урсаг.

Өр ширгүй эдийн засаг дөнгөж өнөөдрөөс эхэлж байна, валютын нөөц үлдэж байна, ийм байхад өрх иргэн бүрднөлөөлөх боломж харагдаж байна. Ерөнхий сайд “Хэзээ вэ” гэдэг энэ бодитой асуултад тодорхой хариулах ёстой.