Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашиныг ирэх сарын 8-наас замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Торгуулиа төлөөгүй, үзлэгт ороогүй автомашиныг ирэх сарын 8-наас замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 8-наас мөрдөж эхэлнэ. Уг хуулиар торгуулиа төлөөгүй, үзлэг оношилгоонд ороогүй, зогсоолын төлбөрөө төлөөгүй автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, хязгаарлана.

Улаанбаатарын төв замын нэгдүгээр эгнээнд үнэ төлбөргүй зогсоолыг хуулийн хэрэгжилтийн хүрээнд хязгаарлах аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлэхдээ “Нийслэлийн удирдлагууд бүх зүйлийг хааж боох дуртайдаа биш дэлхийн бусад орны авто замын түгжрэлтэй тэмцэж ирсэн бодлоготой адил арга хэрэгслүүдийг хэрэглэж байгаа юм. Журмууд ирэх оны нэгдүгээр сарын 15-нд НИТХ-ын хурлаар батлагдахаар олон нийтэд мэдээлнэ” гэв.

Түүний мэдээлснээр Улаанбаатарын зам дээр жилд дунджаар 20 мянган осол гардаг байна. Хоёр машин шүргэлцлээ гэхэд ослыг шийдэхэд ойролцоогоор 38 минутыг зарцуулж, тэр орчимд түгжрэл үүсгэдэг. Үүнийг хиймэл оюун ухаанаар шийдвэл 3.8 минутад зөрчлийг шийдэж, даатгалын байгууллагууд хохирлыг барагдуулдаг зохицуулалттай болохоор захиргааны хэм, хэмжээний акт боловсруулж байгаа аж.