“Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг бүртгүүлсэн батламжийг гардуулав

“Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг бүртгүүлсэн батламжийг гардуулав

“Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha)-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулах ёслол “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо. 

Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” өв багтсан юм. 

ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэсэн батламжийг Монгол Улсын Соёлын дэд сайд М.Батбаяр Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан болон цаашид эл дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сурвалжлах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлд гардуулан өгөв. 

Батламж гардуулах ёслолд Монгол Улсын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музей, Чингис хаан Үндэсний музей, Архивын Ерөнхий газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч, судлаач, дуун хөрвүүлэгч Го.Аким, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар ба Соёл, урлагийн газар, музей, Төв аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын Тамгын газар, Нутгийн зөвлөлийн төлөөлөл хүрэлцэн ирж, ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн батламжийг гардан авлаа. 

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2024 оны Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох Чингисийн чулууны бичиг нэрээр алдартай Есүнхэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэхээр тогтоод байгаа билээ.

ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Монголын Үндэсний хороо нь 2023 оныг хүртэл Монгол Улсын Үндэсний номын санд төвлөрөн үйл ажиллагаа явуулж ирсэн ба 2021 оны 5 дугаар сард болсон хуралдаанаараа Цогт хунтайжийн хадны бичээсийг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Үндэсний номын сангийн Гадаад харилцааны мэргэжилтэн Б.Нямдорж Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Акимын хамт Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Дуутын хар чулуунаа биеэр очиж ажилласны үр дүнд, нэр дэвшүүлэх маягтыг бэлтгэн боловсруулсан юм.  

ЮНЕСКО-гийн Баримтат өвийн олон улсын жагсаалтад өнөөдрийн байдлаар нийт 430 баримтат өв бүртгэгдээд байна. Үүнээс 5 баримтат өв манай улсаас бүртгэгдсэн бөгөөд 2011 онд Лувсанданзаны "Алтан товч", "Монгол шунхан Данжуур", 2017 онд "Есөн эрдэнийн Ганжуур" бүртгэгдээд байсан бол ийнхүү энэ онд “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” бүртгэгдсэн юм. 

Бүртгэлийн үндсэн шалгууруудаас танилцуулахад баримтат өв нь өөрийн анхны жинхэнэ эхээр байхаас гадна эх төрх байдлаа сайн хадгалсан байх, дэлхий дахины үнэ цэн, ач холбогдолтой байх, дэлхийн түүх, хүн төрөлхтний соёл иргэншилд онцгой бөгөөд үлэмж нөлөө үзүүлсэн байх учиртай аж.

Дэлхийн баримтат өвийн үнэт дурсгал үй олноороо дахин нөхөгдөхгүйгээр элэгдэж, гэмтэж, устан алга болж байгааг зогсоох шаардлага байгааг харгалзан үзэж ЮНЕСКО 1992 онд тэдгээрийг хадгалж хамгаалах зорилгоор "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийг эхлүүлсэн. Баримтат өвийг олон улсын болон бүс нутгийн өвийн бүртгэлд бүртгэх замаар олон улсын, бүсийн, үндэсний ач холбогдол бүхий өвийн хамгаалалтыг дэмжин баталгаажуулах, тэдгээрийг хамгаалах ухамсар ойлголтыг гишүүн орон, ард иргэдэд нэмэгдүүлэх, ийм төрлийн  өвийг хамгаалах талаар гишүүн орнуудын дотор хамтын ажиллагаа, харилцан солилцоог хөгжүүлэхэд тус хөтөлбөрийн үйл ажиллагаа чиглэдэг байна.