М.Билгүүндалай: “Ид шидийн уут” аянаар энэ онд дөрвөн мянган хүүхдэд бэлэг тарааж, амьдрах орчныг нь сайжруулахаар ажиллаж байна  /ВИДЕО/

М.Билгүүндалай: “Ид шидийн уут” аянаар энэ онд дөрвөн мянган хүүхдэд бэлэг тарааж, амьдрах орчныг нь сайжруулахаар ажиллаж байна /ВИДЕО/

2023 оноо үдэж, 2024 онтой золгож буй баярыг угтаж бид шинэ оны “Social ID” булангийн тусгай дугаартаа “Лантуун дохио” ТББ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ид шидийн уут” аяны өвлийн өвгөн М.Билгүүндалайг онцоллоо. Түүний хувьд “Ид шидийн уут” аянд дөрөв дахь жилдээ өвлийн өвгөний үүргийг гүйцэтгэж сайн дураараа ажиллаж буй юм.

ВИДЕО: 

“Ид шидийн уут” аян нь  2013 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд жил бүрийн арванхоёрдугаар сард шинэ жилийн баярыг тохиолдуулаад хүүхэд багачуудыг баярлуулах зорилгоор томоохон судалгаан дээр тулгуурлан явуулдаг хүүхэд баярлуулж, тэдний амьдрах орчныг сайжруулах, эрхийг нь хамгаалах, итгэл найдвар өгөх томоохон ажил юм. Энэ хүрээнд энэ жил 100-150 сайн дурын залуусын бүрэлдэхүүнтэй баг хоёр сар судалгаа явуулж, дөрвөн өдрийн турш түгээлтээр 17 баг дөрвөн мянга орчин хүүхдэд хүрч ажилласан 500 гаруй айл өрхөөр оржээ. Ингэхдээ мөн тус 500 айлаас шаардлагатай 400 гаруй айлд судалгаа хийж хүүхдүүд сургуульд хамрагдаж байгаа эсэх болон юу тулгамдаж буйг судлан нэгтгэх ажилдаа ороод байгаа аж.

Хүүхдүүдийн баярлаж байгаа харц, чин сэтгэлээсээ тэвэрч буй тэврэлт надад болон уг аянд сайн дураараа ажилладаг 100 гаруй залууст ямар ч өндөр цалин, том шагналаас илүү үнэ цэнтэй байдаг. Сайн дурын аянд ажилласнаар залуус амьдралыг ч бас арай өөр өнцгөөр хардаг болдог юм шиг санагддаг хэмээн ярих М.Билгүүндалайн хувьд анх “Лантуун дохио” ТББ-д сайн дураар ажиллаж эхэлснээсээ хойш эл ажилдаа сэтгэлээ зориулж зав гарган ажилладаг болжээ.

Тэрбээр “Хүүхдийн сэтгэл цагаан цаас шүү дээ. Тэд өвлийн өвгөнд итгэж, найдаж өөрийн нууцаас эхлээд бүхнээ дэлгэдэг. Бид ч хэнтэй, ямар гэр бүлтэй хэрхэн харилцаж, судалгаа хийхээ айлуудад зочлохоос өмнө сургалтаар заалгасан байдаг учир тэдний орчин нөхцөлийг судалдаг. Үүнээс гадна хамгийн гол зүйл нь хүүхдүүдэд маш том итгэл, цаашид хичээх хүчийг өвлийн өвгөн болон бидний баг хамт олон өгдөг. Нэг жишээ дурдвал хэдэн жилийн өмнө “Ид шидийн уут” аяны өвлийн өвгөн нэгэн охинд захидал өгсөн байдаг юм. Тухайн захидлыг уншсан охин урам авч, хичээсээр томоохон сургуулийн тэтгэлэг авч суралцаж байхдаа биднийг зорин ирж байсан. Энэ мэтчилэн тэдэнд гэрэл нь болж бага ч болов тус хүргэж байгаадаа бид маш их баяртай байдаг” гэсэн юм.