Малчдын НДШ-ийг хөнгөлсөн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэллээ

Малчдын НДШ-ийг хөнгөлсөн хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэллээ

Нийгмийн даатгалын шинэчилсэн ерөнхий хуулиар малчид сайн дурын даатгалд хамрагдах бол төлвөл зохих НДШ-ийн 50 хувийг төрөөс даах зохицуулалт энэ оны эхний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Малчид дээрх зохицуулалтад хамрагдахын тулд малын А дансны бичилт болон бүртгэлд онцгой анхаарах ёстой болж буйг НДЕГ-аас сануулж байна. Тодруулбал, малчид НДШ төлөх хөнгөлөлтөд хамрагдахын тулд малын А данс буюу тухайн иргэн өөрийгөө малчин гэдгийг нотлох шаардлага үүсэж буйг НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадорж хэлж байна. Малчид руу чиглэсэн энэ хөнгөлөлт Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд хийсэн томоохон өөрчлөлтийн нэг гэдгийг онцолж байна.

Үүгээр малчин НДШ-ээ 20 жил тасралтгүй төлж, 15 жилийн хугацаанд мал маллаж, малын А дансаа хөтлөн баталгаажуулсан бол эмэгтэй малчин 50 насандаа, эрэгтэй малчин 55 насандаа тэтгэвэртээ гарах эрх үүсэх нь. Тухайн иргэнийг малчин гэдгийг нотлохын тулд өмнөх оных нь малын А дансны бичилт, бүртгэлийг үндэслэнэ гэдгийг тодруулж байна. НДЕГ-аас мэдээлснээр малын А дансыг:

  • малчин өрх,
  • мал бүхий өрх,
  • тавиул малын эзэн өрх бусад өрх гэж 4 янзаар бүртгэдэг байна.

Манай улсын 3.5 сая хүн амын 305 мянга нь мал малладаг. Малчдын ард 680-700 мянган хүн бий хэмээн тооцоход нийт хүн амын гуравны нэгийг малчид болон тэдний гэр бүл бүрдүүлж байна.

Малчин өрх гэдэг нь жилийн 4 улирлын турш мал аж ахуй эрхлэн, тэндээс олсон орлогоос амьжиргааны эх үүсвэрээ ханган суурин байдлаар малаа малладаг өрхийг хэлдэг байна. Мал бүхий өрхөд аймаг, сумын төв дээр амьдардаг ч малтай айлыг тооцдог аж. Ийм өрхийн эхнэр, нөхөр дээр малын А данс бүртгэгдэн хөтөлдөг ч тэдгээр нь өөр алба хашиж, ажил хөдөлмөр эрхэлдэг бол тухайн өрхөд амьдарч, зөвхөн малаа малладаг хүүхэд болон бусад хүний нэр дээр малын А дансаа бүртгүүлэхийг зөвлөж байна. Малчин нь хэн гэдгээс шалтгаалж малын А дансыг хөтөлнө гэдгийг онцлон хэлж байна.

Тодруулбал, дансыг тухайн өрхийн гишүүний хэн нэгний нэр дээр бүртгэдэг ч гэлээ энд өрхөд амьдардаг, насанд хүрсэн, ажилгүй, малаа маллаж буй хүүхдүүд ч орно. Энд мал маллаж буй бүх хүн хамрагдах тул бүгдийг нь бүртгэн А дансанд тусгаж өгөх юм байна. Ингэснээр өнөөдрийн бүртгүүлсэн залуу малчин 20-30 жилийн дараа тэтгэврээ тогтоолгох харилцаа үүсэх учир малчдыг малын А дансандаа анхааралтай, хариуцлагатай хандахыг НДЕГ-аас сануулж байна. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээр нийт малчдын 36 хувь нь нийгмийн даатгал төлж байна. Үлдэх 64 хувийг задалж үзэхэд 30 мянга шахам малчин малчны тэтгэвэр авдаг гэсэн судалгаа гарч, тэдний тэтгэвэрт зориулж 145.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан дүнтэй байна. Малчдын дундаж тэтгэврийн хэмжээ 557 мянган төгрөг байна. Статистик үзүүлэлтээр малчдын тоог сүүлийн жилүүдээр авч үзэхэд:

2016 онд хамгийн их буюу 311.3 мянга байсан бол
2017 онд 303.5 мянга,
2018 онд 288.7 мянга,
2019 онд 285.4 мянга,
2020 онд 298.7 мянга,
2021 онд 305.4 мянга,
2022 онд 305.0 мянга байв.