Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байр Нийслэлийн зургаан дүүрэгт байгуулна

Эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байр Нийслэлийн зургаан дүүрэгт байгуулна

Улаанбаатар хотод эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд хүргэж, үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ.

Тэжээвэр амьтны тухай хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэнгүй нохой, муур барьж, нийслэлийн зургаан дүүрэгт түр асрамжлах байр байгуулна. Эхний ээлжид Хан-Уул дүүргийн Шувуун фабрикт байрлах хар үнэгний аж ахуйн байрыг түр асрамжлах байр болгож, энэ сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15-н гэхэд бүрэн ажиллуулна. Барьсан нохой, муурыг тус байранд байршуулж, эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгнө. Хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг устгахгүй тул түр асрамжлах байранд байх хугацаанд үржил хязгаарлах мэс ажилбар хийхээс гадна Мал эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгах юм.

Эзэнгүй нохой, муурыг барихын өмнө аюулгүй байдлыг хангах, багаж техник, тоног төхөөрөмжийг ашиглах талаарх сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дотоодын цэрэг болон чиг үүргийн бусад байгууллагаас хүн хүч нэмэлтээр ажиллуулахыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Нохой, муурнаас дамжин халдварладаг 40 гаруй өвчин байдаг бөгөөд эзэнгүй, золбин нохойноос таван төрлийн хорхой хүнд халдварладаг байна. Мөн 8 нохойн нэг нь бэтэг өвчний халдвартай гэх судалгаа бий. Эзэнгүй нохой, муур олширсноор мал амьтан өвчлөх, галзуурах, тухайн өвчлөл малын махаар дамжин хүнд халдварлах эрсдэл нэмэгддэг байна. Улсын хэмжээнд жилд 6900, Улаанбаатар хотод 3000 хүн нохойд хазуулж, шүлсдүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Тэдний 36.5 хувь нь 0-16 насны хүүхэд багачууд аж.