Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн иргэн Б.Баярсайханы машин хээр явж байгаад эвдэрсэн гэх дуудлага мэдээлэл Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсгийн хилчдэд өчигдөр /2024.01.17/ оройн 19:18 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус ангийн штабаас өгсөн үүргийн дагуу салбарын захирагч ахлах дэслэгч Д.Билгүүнээр ахлуулсан ахлах ахлагч Г.Алтанбагана, ахлах ахлагч Х.Дүйсенбек нарын бүрэлдэхүүнтэй бүлэг шуурхай эрэлд гарч салбараас 30 км хол зайд өвөлжөөгөө эргээд буцах замдаа машин нь эвдэрч өвлийн хүйтэнд осгох эрсдэлд ороод байсан Үенч сумын иргэн Б, М нарын зургаан иргэнийг аварч, амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.