Нийтийн өргөдлийн цахим системд 100 мянга болон түүнээс дээш иргэний санал авсан өргөдлийг УИХ-аар хэлэлцэж, холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулдаг.
Тэгвэл “Хууль бусаар хөрөнгөжсөн төрийн албан хаагчдын хууль бус хөрөнгийг хурааж, 100 саяас дээш төгрөгийн дүнтэй бол бүх насаар нь хорьдог байх” агуулгатай өргөдөл 100,207 иргэний санал авч, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагыг хангажээ. Уг өргөдлийг иргэн Б.Болдбаатар энэ оны аравдугаар сарын 2-ны өдөр санаачилсан бөгөөд 37 хоногийн хугацаанд 100 мянга давсан санал цуглуулсан байна. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга уг өргөдлийг холбогдох байнгын хороонд шилжүүлж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл өгөх юм.