Монгол аялгуу, дуу гэдэг үнэнхүү уян, яруу, сонсголонтой, айзам хэмнэлтэй байдаг билээ. Тэр тусмаа хуучны олон сайхан дуу манайд бий. Эдгээр дууг утга санааг нь алдагдуулахгүйгээр залуу үедээ таниулж, мэдүүлж, сэргээн дуулж байх нь соёлын биет бус өвөө хайрлаж хамгаалж буй нэг хэлбэр гэж болох юм. Гэтэл хуучны дуугаа сэргээн дуулсан нэгнийг адалж, хэлэх хэлэхгүй үгээр дайрч, бэлтгэлийнхээ үеэр коверлож дуулсан байхад л уг дуучин нь занаж, сүрдүүлэх явдал гарах болжээ. Гэхдээ дуу, уран бүтээл дуулах гэж л байгаа бол зохиогчийн эрх гэж зүйл зайлшгүй яригдах нь зөв.
Тухайлбал, МУГЖ Д.Энхзулын дуулсан "Хүлээсэн учрал" дууг залуу дуучин Т.Баярхишиг коверлож дуулсан бөгөөд гавьяат харин "Миний дууг дуулах зоригтой хүн бхйгүй. Тоглолтыг очиж самарна" гэжээ. Дууг нь өөрийн болгоод сэргээн дуулж, клипжүүлсэн бол өөр хэрэг. Гэтэл коверлож дуулсан явдалд энэ мэт хариу үйлдэл үзүүлсэн нь иргэдийг багагүй гайхшруулсан. Иймд бид залуу дуучин Т.Баярхишигтэй оюуны өмч болон Д.Энхзул гавьяатын гаргасан үйлдэл мөн тун удахгүй болох гэж буй тоглолтынх нь талаар ярилцлаа.
ВИДЕО:
Залуу дуучин Т.Баярхишигийн хувьд СУИС-ийг уртын дууны мэргэжлээр 2018 онд төгссөн бөгөөд анхны бие даасан тоглолтоо нэгдүгээр сарын 25-нд хийх гэж байгаа бөгөөд Монгол аялгуу ардын дуу, богинын дуунд илүү дуртай учраас энэ төрөл, чиглэлийг сонгосон гэнэ.
Тэрбээр, "Тоглолтын бэлтгэлийн үеэр Д.Энхзул гавьяатын дууг коверлож дуулсан. Хүн болгон л ямар нэгэн дууг ковер дуулдаг шүү дээ. Тэр ч утгаараа юу ч бодолгүйгээр дуулчихсан. Д.Энхзул гавьяатын зүгээс дайралт ирсэн. Тэр хүнийг хүндэлж, багаасаа дууг нь сонсож өссөн болохоор нэг их зүйл бодоогүй. Уг нь хуучны сайхан дуунуудаа залуус маань сэргээн дуулж байвал сайн хэрэг шүү дээ. Жишээлбэл МУГЖ З.Батсүх гуай "миний дууг залуу дуучид сэргээн дуулж байвал их баярлана" гэж ярьдаг. Тэгэхээр хувь хүнээсээ л шалтгаалж байх шиг байна. Миний хувьд сэргээн дуулсан бус зүгээр коверлож дуулсан. Би хувьдаа 60, 70, 90-ээд оны дууг залуу дуучид сэргээн дуулбал сайн л гэж боддог.
Хэрвээ би хөгширлөө гэж бодоход миний дууг залуу үеийн дуучид сэргээн дуулбал миний хувьд маш их баярлана. Залуу уран бүтээлчид хуучны дууг сэргээн дуулж, тухайн цаг хугацаандаа тааруулж дуулах. Яах вэ дуулахгүй, мартагдуулж болно л доо. Аливаа зүйлс маш хурдацтай хөгжиж байна шүү дээ.
Д.Энхзул гавьяат надад ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Тухайн үедээ л ууртай байгаад одоо бол тайширсан байх л гэж бодоод байгаа. Одоогоор ямар нэгэн дайралт ирээгүй байна. Гэхдээ Д.Энхзул гавьяатаас тийм хариу үйлдэл гаргасныг их гайхаж хүлээж авсан. Би өөрөө ч г тэгж хүлээж авна гэж бодоогүй л дээ. Ер нь шүүмжлэл дагуулсан ч бай, үгүй ч бай залуу дуучид маань хуучны дуугаа дуулж байх ёстой. Гэхдээ аялгуу, хэлэх гэсэн утга санааг нь алдагдуулахгүйгээр, тодорхой зөвшөөрлийг нь аваад дуулах ёстой.
"Хүлээсэн учрал" дууны шүлгийг н.Цэцэрлэг багш маань зохиосон. Багшаасаа очоод зөвшөөрөл авсан л даа. "За болно оо. Гэрээ хийгээд дуулаарай" л гэж хэлсэн. Анх бол нарийн ширийн юмыг нь мэдээгүй. Бүх л залуучууд ковер дуулдаг учраас түүний нэгэн адилаар л дуулсан. Ер нь урлагийн хүн гэдэг хатуу, сөрөг бүх зүйлсийг зөөлөлж явдаг гэж боддог. Хэрвээ дуу хуур байхгүй бол илүү адгуус талруугаа болох байх" гэсэн юм.