Улаанбаатар-Улиастай чиглэлийн МИАТ-ын нислэг цасны улмаас буух араггүй болж, эргэн Улаанбаатарт газарджээ

Улаанбаатар-Улиастай чиглэлийн МИАТ-ын нислэг цасны улмаас буух араггүй болж, эргэн Улаанбаатарт газарджээ

Улаанбаатар-Улиастай чиглэлийн өчигдрийн /2024.01.18/ нислэг цаг агаарын нөхцөл байдлын улмаас Доной нисэх буудалд газардалгүй, Улаанбаатар хотод эргэн буусан байна. Үүнтэй холбоотойгоор тус нислэгийн талаар МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргалаа.

Тэрээр ОМ061/ОМ062 дугаарт аяллын нислэгийн талаар “Улаанбаатар-Улиастай чиглэлийн 2024 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн ОМ061 дугаарт аяллын нислэг Доной нисэх буудлын орчимд их хэмжээний цас орж, агаарын хөлөг буухад шаардлагатай алсын барааны үзэгдэх орчинг хязгаарлан нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байгаа тул аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын шаардлагын дагуу тус чиглэлийн нислэг Улаанбаатар хотод 14:14 цагт эргэн буухаар болсон.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Доной нисэх буудал орчмын цаг агаарын байдал ойрын 1-2 хоногт сайжрах төлөвгүй байгаа тул Улиастай чиглэлийн тус нислэгийг цуцлаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллах нь МИАТ ТӨХК-ийн зорчигч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үндсэн үүрэг тул Та бүхнийг байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна” гэлээ. Тийз буцаалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 11-333-999 дугаарт холбогдон авна уу.