Хятадын Хэнань мужийн Яньшаньпу тосгоны бага сургуулийн дотуур байранд энэ сарын 19-20-ныг шилжих шөнө гал түймэр гарсны улмаас 13 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Амиа алдсан хүүхдүүд 9-10 насны гуравдугаар ангийн сурагчид байсан талаар Aljazeera мэдээлжээ. Уг харамсалтай хэрэгт холбоотойгоор сургуулийн захирлыг саатуулж, гал түймрийн шалтгааныг мөрдөж тогтоох ажлыг эхлүүлсэн байна.
Яньшаньпу нь 10 сая оршин суугчтай Наньян хотын захад оршдог тосгон бөгөөд гал түймэрт өртсөн хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг хүүхдүүдээ хоёр долоо хоног тутам нэг удаа гэрт нь хариулдаг байжээ. Гэхдээ энэ амралтын өдрүүдэд хариулах ээлжгүй байсан байна. Уг сургуульд хөдөө орон нутгийн хүүхдүүд голчлон сурдаг байсан аж.