Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн 90 гаруй хувь цастай байна. Тодруулбал, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал,говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цас тогтжээ. Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1- 13.2 градусаар хүйтэн бөгөөд хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд олон жилийн дунджийн орчим, түүнээс бага байх төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлжээ.