"Шинийн 1-ний өдөр Говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна" гэж анхаарууллаа

"Шинийн 1-ний өдөр Говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна" гэж анхаарууллаа

Энэ долоо хоногийн Бямба гараг /2024.02.10/-т Сар шинийн баярын шинийн 1-ны өдөр тохиож байна. Харин баярын өдрүүдэд иргэд хөдөө орон нутаг руу ихээр зорчдог. Тэгвэл цагаан сарын баярын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэл нийтэлсэн байна. 

Тодруулбал, пүрэв гараг буюу энэ сарын 8-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 9-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 10-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 9-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -2...-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна гэжээ.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө