XVIII-XX зууны эхэн үеийн сар шинийн баяраар хэрэглэж байсан ховор үзмэрүүдийг дэлгэжээ

XVIII-XX зууны эхэн үеийн сар шинийн баяраар хэрэглэж байсан ховор үзмэрүүдийг дэлгэжээ

Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “Монгол цагаан сар” уламжлалт тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд уламжлалт сав суулга, тоглоом наадгай, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл зэрэг 100 гаруй үзмэрийг дэлгэжээ.

Эртний монголчууд Хүннү гүрний үед идээ ундаа элбэг намрын сарыг “Сүүн сар” хэмээн нэрлэж, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан тухай мэдээ буй. Тэгвэл XIII зуунаас эхлэн Чингис хаан цагаан сарыг төр түмний нэгдсэн их баяр болгон, хаврын урь орж, өлзий учралт барс сар гарах цагаар өтгөс буурлуудад хувь хүртээж, Есөн хөлт цагаан тугаа тахин, Их хуралдай хуралдуулах болсноос үүдэн харьяат аймгуудын олон ноёд, түшмэд ирж хааны амгаланг эрдэг ёсон тогтсон ажээ. Энэ тухай Марко Поло “Татаарын ёсонд шинэ он хоёрдугаар сард эхэлдэг. Тэд заншил ёсоор эрэгтэй, эмэгтэй ялгалгүй чадах чинээгээрээ цагаан хувцас өмсдөг” хэмээн тэмдэглэсэн байна. 

XVII зууны үед Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон түүхтэй бөгөөд өдгөө хүртэл тасралтгүй тэмдэглэсээр ирсэн аж. “Монгол цагаан сар” үзэсгэлэнгээр монголчуудын уламжлалт зан үйл, шүтлэг бишрэл, идээ ундааны соёл, мэндлэх хүндлэх ёсон, уламжлалт тоглоом наадгай зэрэг олон зан үйлийг залуу хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй үе үеийн урчуудын бүтээсэн өв соёлыг сурталчлах, үзмэрийн хийц, үүрэг, зориулалтын талаар таниулах юм байна.

Үзэсгэлэнд дэлгэсэн онцлох үзмэрээс нэрлэвэл үндэсний музейн сан хөмрөгт XVIII зууны үед бүтээсэн Лхам бурхны шүтээн зураг, дөрвөн литрийн багтаамжтай айрагны хул, хорол, үйчүүр, эртний зүү ороосон даалинг дэлгэжээ. Түүнчлэн XIX зууны эхэн үед хэрэглэж байсан луугаар чимэглэсэн мөнгөн домбыг цогц хэлбэрээр нь олны хүртээл болгож байна.