Сар шинийн 1, 2-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч эрс сулрах боловч, 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25...-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -12...-17 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.