СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фён салхины нөлөөгөөр өнөөдөр Ховд аймагт хүчтэй салхи салхилж, маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Фён салхины нөлөөгөөр өнөөдөр Ховд аймагт хүчтэй салхи салхилж, маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхаарууллаа

Өнөөдөр /2024.02.11/ Ховдын нутгаар салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. Тодруулбал, "Ховдын нутгаар Фён салхины нөлөөгөөр дулаарч, хүчтэй салхи салхилж,  маргааш буюу энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 13-нд төв болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна" гэжээ. 

Тухайлбал, маргааш буюу энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 14-нд Монгол-Алтайн уулс болон Дарьгангын тал нутгаар, 15-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 12-нд нутгийн зарим газраар, энэ сарын 13, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 8-13 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Энэ сарын 12-нд нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -38...-43 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -8...-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -3...-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна гэж ЦУОШХ-ээс мэдээллээ.