СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, цасан болон шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхаарууллаа

Өнөөдөр /2024.02.16/ Фён салхины нөлөөгөөр Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга, Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурах бол, Баян-Өлгийн төв, Говь-Алтайн баруун болон хойд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, Увсын зүүн, Ховд, Хөвсгөлийн өмнөд, Архангайн хойд хэсэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар цасан шуурга шуурна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа. 

Улмаар маргааш буюу энэ сарын 17-нд ихэнх нутгаар, нөгөөдөр буюу энэ сарын 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулсан байна. 

Тодруулбал, энэ сарын 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд ихэнх нутгаар, 18-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Энэ сарын 17-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -40...-45 градус, өдөртөө -25...-30 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус, бусад нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус хүйтэн байх аж. Иймд иргэд та бүхнийг болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж энэхүү мэдээллийг нийтэллээ.