СЭДЭВ: Бурханы шашин ба монгол хүн

СЭДЭВ: Бурханы шашин ба монгол хүн

Гандантэгчинлэн хийдийн тэргүүн дэд хамба, гавж С.Гантөмөртэй бурханы шашны мөн чанар монголчуудын уламжлал, үзэл санаатай хэрхэн яаж холбогддог талаар ярилцлаа.

ВИДЕО: 

-МОНГОЛЧУУД АМНЫ БИЛЭГТЭЙ БАЙХ, ЗӨВ САЙХАН ҮГСЭЭР ЯРЬЖ, ХЭЛЭЛЦЭХИЙГ ЭРХЭМЛЭДЭГ АРД ТҮМЭН-

-Өрнө дахины хүмүүсээс ухаан чинь хаана байгаа юм гэхэд тархиа голдуу заадаг, дорнын ард түмнээс асуухад зүрхээ заадаг. Тэгвэл Монголчууд бидний өвөг дээдэс энэ хоёр зүйлийн алийг нь голчлон баримталж төрт ёсоо удирдаж, улс гүрнээ авч явсан бол, энэ талаар таниас асуумаар байна?

-Миний хувьд хоёр талтай гэж бодож байна. Хүний оюун ухаан гэдэг бол дан ганц сэтгэлгээ гэхээс илүүтэй энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэлтэй холбоотой. Одоо үед хүмүүс тархи оюунаа илүү их ажиллуулаад сэтгэл зүрхээ арай бага ажиллуулчих гээд байна уу даа л гэж бодоод байна. Дорнын гүн ухаан зүрх сэтгэл дээр илүү тулгуурласан байдаг. Монголд их хөлгөний шашин их дэлгэрсэн гэж үздэг шүү дээ. Их хөлгөний шашны гол ялгаа нигүүлсэнгүй сэтгэл.

-Монголчууд “санаа зөв бол заяа зөв” гэж ярьдаг. Бас “сэтгэлээ шинжих” гэх мэт сэтгэл рүү өнгийсөн үг, хэлц их хэрэглэдэг шүү дээ. Энэ сэтгэлгээ нь шинжлэх ухаан, техник технологи хөгжсөн өнөө үед илүү бүдгэрээд байгаа юм шиг санагдах боллоо. Энэ талаар таны бодол?

-Ер нь бол тийм. Орчин үед мэдлэг боловсрол л байвал бүх юм болчих гээд байгаа мэт санах болсон. Гэтэл мэдлэг боловсрол гэдэг зүйлийн цаана хүний суурь хүмүүжил, хүнлэг чанар байх ёстой. Хүн зөвхөн бодож сэтгэдэг амьтан юм бол хиймэл оюун ухаанаас юугаараа ялгаатай юм. Нэг хэсэг техник, шинжлэх ухаан хөгжчихвөл илүү сайхан, аз жаргалтай амьдарна гэж бодсон үе байсан юм шиг байгаа юм. Гэтэл хүн төрөлхтний хөгжүүлсэн зүйл нь өөрөө эргээд хүмүүст зовлон тарих, аз жаргалгүй болгох хандлага гарч ирсэн.

-Бурханы шашин гэхээр хүмүүс жаахан буруу хандлагатай байгаад байдаг. Гэтэл миний бодлоор бурханы шашин гэдэг бол аливаа юмсыг учир шалтгааны улмаас няцаадаг. Тэгвэл олон дээдэс, багш нарын номыг орчуулдаг, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн дэд хамбын хувьд энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Сайнхан Юндэндорж гуай гэж лам байсан юм. 1937 онд хэлмэгдүүлэлтэнд өртөж, нас барсан гэж үздэг. Тэр хүнийг авчраад “та их хойд, урд нас ярьдаг гэнэ лээ. Одоо надад урд, хойд насаа үзүүлээдэх” гэж байцаагч хэлж. Гэтэл лам “өчигдөр, маргааш хоёр байгаа юу” гэж асууж. Өнөөх нь ч байлгүй яадаг юм” гэж л дээ. Лам тэгтэл “чи тэгвэл арай ойрхоноор нь эхлээд өчигдөр, маргааш хоёрыг үзүүлчих, тэгвэл би чамд үзүүлье” гэсэн гэнэ лээ. Бурхан багш айлдахдаа “алтыг гурав дахин шинжилдэг шиг миний сургаалыг гурван талаас шинжлэн судлаарай” гэсэн байдаг. Бүх зүйлд бурхны сургаалийг тулгах махрах шаардлагагүй л гэсэн үг.

-СҮҮЛИЙН ҮЕД МОНГОЛЧУУД ҮЗЭЛ САНААГАА АЛДАЖ, НЭГДМЭЛ БУС БОЛЖ БАЙНА-

-Монголчууд олон зүйлийг бэлгэдлээр бүтээдэг ард түмэн шүү дээ. Байхгүй зүйлийг хүртэл бэлгэдлээрээ бүтээдэг. Үг яриагаа хүртэл хянаж цэгнэдэг. Сүүлийн үед энэ байдал алдагдаж, доройтох тал руу гаа яваад байгаа. Энэ талаар?

-Замбуутивийн хүмүүс дотроо олон язгуур төрөл байдаг. Янз бүрийн сэтгэлгээтэй байдаг гэсэн үг.  Түүнээс монголчуудын нэг чанар бол харилцан ярианы бэлгэдэл. Монголчууд амны билэгтэй байх, зөв үгээр хэлж ярихыг эрхэмлэдэг ард түмэн. Энэ чухал чанараа сүүлийн үед залуучууд хайхралгүй орхисноороо монгол хүний язгуур мөн чанараа бага багаар алдаж эхэлж байгаа юм.

-Бид аравдугаар Богдоо тодруулаад сэнтийд нь залчихлаа. Миний хувьд аливаа үндэстэн оюун санааны эрх чөлөөгөө хамгаалах, дархлаатай байхыг их чухал гэж үздэг. Энэ тал дээр Богд манай монголчуудын оюун санааны эрх чөлөөг тээгч, илэрхийлэгч үү гэдэг талаар та юу гэж боддог вэ?

-Шашин гэдэг өөрөө тухайн улс үндэстний оршин тогтнох нэг хэлбэр. Ямар ч шашинд тухайн улс үндэстнийг илэрхийлэх, нэгтгэх нэг хүчин зүйл. Миний бодлоор монголчууд сүүлийн үед үзэл санаагаа алдчихаад байгаа. Нэгдмэл байх үзэл санаагүй болчихоод байгаа юм уу даа л гэж боддог болсон. Энэ үзэл санааг монголчуудын дунд байлгахын тулд аравдугаар Богдыг тодруулжээ. Аравдугаар Богд өөрөө их гайхамшигтай хүн байсан гэж ярьдаг. Энэ хүн тодорсноор хоорондоо мөнхийн дайн дажинтай, тэмцэлдсэн тархай бутархай олон монголчуудад их тус болсон гэж үздэг. Тиймээс Манжууд үүнийг анзаарч эхэлсэн байгаа юм. Хэрвээ энэ хүн монголчуудынхаа дунд байгаад байвал монголчууд үеийн үед нэгдмэл байдлаа хадгалж, хүчирхэгжиж эхлэх юм байна гээд монголоос тодруулахыг хуулиар хорьж байсан. Наймдугаар Богд тодорсны хүчинд бид тусгаар тогносон улс болж өдийг хүртэл явж байна.

-Миний бодлоор ардчилал, бурхны шашин хоёр нэг зүйлээрээ их адилхан юм болов уу гэж хардаг. Тэр нь хүлцэн тэвчихүйгээрээ. Ардчилал сэргэснээр бид Чингис хаанаа, түүх соёлоо, уламжлалт шашнаа гээд олон зүйлээ сэргээж чадсан. Мөн бүх хүмүүст эрх тэгш хандахыг чухалчилдаг үзэл. Энэ талаараа бурханы шашин, ардчилал хоёр холбогддог юм болов уу гэж хараад байна?

-Бурханы шашин, сургаал номлол бол тухайн үедээ хамгийн их ардчилсан байсан. Мөн Далай багшийн “Миний эх орон-миний ард түмэн” гэж номондоо манай улсад хамгийн ардчилсан газар бол сүм хийд” гэж бичсэн байсан. Сүм хийдэд ном эрдэмээ хамгийн сайн үзэж, шалгарсан хүн л том лам болдог гэсэн санааг илэрхийлж байгаа юм.

-Багшийг шүтэх ёсыг бурханы номонд их чухалчилдаг. Монголчуудын уламжлалд энэ тал дээр бурханы шашнаас ялгарах зүйл байдаг болов уу?

-Буддын болон Винайн шашинд өөрийнхөө багшийг бурхан багштай адилтган хүндлэх ёстой байдаг. Их хөлгөний шашин их дэлгэрсэн газарт өөрийнхөө багшийг бурхан мөн гэж бодох, нууц тарнийн арга дэлгэрсэн газарт бурханаас ч илүү ачтай гэж бодох ёстой байдаг. Монголчуудын хувьд буяны садан шүтэх ёс маш их бүр илүү сайн байсан гэж үздэг. Төвдүүд сахил санваараараа их эрдэм олдог, монголчууд багшийг хүндлэх ёсоороо дээшээ явдаг гэдэг яриа ч бий.

-ҮЕИЙН ҮЕД МОНГОЛЧУУД ХҮЧ ЧАДЛААРАА ГАЙХАГДАЖ ИРСЭН ТУЛ “ОЧИРВААНЬ” БУРХАНЫ ОРОН  БОЛСОН-

-Монголчууд ном хаялцах гэж ярьдаг. Үүнийг хууль, ардчилалынхаа хүрээнд авч үзвэл мэтгэлцэх гэж болно. Аливаа маргаан мэтгэлцээн дундаас жинхэнэ үнэн төрдөг гэдэг. Энэ талаар?

-Буддын шашны ном үзэж судлах гол арга нь мэтгэлцээн байдаг юм. Мэтгэлцээний арга гэдэг бол ямар нэг зүйлийг шууд үнэн гэж үздэггүй. Тэгэхээр монголчуудын хэлдэгээр “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгтэй агаар нэг.

-Монголыг Очирваанийн орон, төвдийг Жанрайсагийн орон гэж ярьдаг. Яаж яваад монголчууд Очирваань бурхантай бэлгэдлээр холбогдчихсон юм бол?

-Их хөлгөний шашин дотроосоо нууц тарний шашин их дэлгэрсэн газар бол Энэтхэгээс хойд зүгт байх төвд, хятад, Монгол гурван орон. Энэ гурвыг “язгуурын гурван бурхан даасан орон” юм гэж үздэг. Язгуурын гурван бурхан нь Очирваань, Жанрайсаг, Манзушир гурав. Яагаад язгуурын бурхан болсон бэ гэвэл бурханы эрдмийг товчлон хураавал гурван зүйлд хуваагдана. Нэгдүгээрт, бүх зүйлийн учрыг нарийн сайн ойлгосон учир билиг билгүүний эрдэм, хоёрдугаарт, зөвхөн өөрийнхөө төлөө бус хамаг амьтны тусын тулд байдаг тул энэрэн нигүүлсэхүйн эрдэм, гуравдугаарт, оюун санааны чадвараа туйлд нь хүргэн гэгээрсэн тул хүч чадлын эрдэм гэдэг. Энэ гурван эрдэм дүрсэн хувираад Жанрайсаг бурхан энэрэн нигүүлсэхүйн, Манзушир бурхан билэг оюун, Очирваань бурхан хүч чадлын хэлбэрт орсон гэж үздэг. Үеийн үед монголчууд хүч чадлаараа гайхагдаж, илүүрхэж ирсэн тул Очирваань бурханы орон болсон гэж үздэг. Тийм ч учраас Очирваань бурханы тахилгаар даншиг наадам эхэлдэг түүхтэй.  

-Ярилцсанд баярлалаа.