УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас өчигдөр орой УИХ-д ирүүлсэн. Уг асуудлыг УИХ-аар 48 цагийн дотор хэлэлцэж шийдвэр гаргах хуулийн дагуу өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо.
Халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Д.Лүндээжанцан нарын таван гишүүнтэй. Эдгээрээс УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой яваа тул ирц бүрдээгүй байна. Ирц бүрдсэний дараа буюу ирэх долоо хоногт Н.Номтойбаярын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Ц.Нямдорж гишүүн мэдэгдсэн юм.
Халдашгүй байдлын дэд хорооны өнөөдрийн хуралдаанд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан оролцож мэдээлэл өгсөн.
Түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг та УИХ-д хүргүүлсэн. Яг ямар үндэслэлээр уг саналыг оруулж ирсэн юм бэ?
-Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан ч ирц бүрдээгүйн улмаас шийдвэрээ гаргаж чадсангүй. Үндэслэлийг хэлэх боломжгүй. Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрээ гаргаагүй учраас би үндэслэлийг хэлэх боломжгүй юм.
-Хэрвээ таны саналыг УИХ хүлээж авахгүй бол яах вэ?
-Ямар ч арга байхгүй. Мөрдөн байцаалт, хэрэг бүртгэлийн ажиллагаа зогсохгүй үргэлжлээд явна.
-Дахин 2-3 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий. Энэ хэр бодитой вэ?
-. Хэрэг, бүртгэл мөрдөн шалгах ажиллагааны газраас хэн нэгэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг одоогоор прокурорт ирүүлээгүй байна.
-Таныг эзгүй хойгуур УИХ-ын гишүүдийн асуудлыг хөндөхөөр бэлтгэсэн гэх мэдээлэл бий?
-Миний бие өвдсөн. Би эмчлүүлсэн. Одоо ажлаа хэвийн гүйцэтгэж байна.