ХЭҮК: Сэжигтнийг 48 цагаас илүү хорихгүй байж хүний эрхийг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгалаа

ХЭҮК: Сэжигтнийг 48 цагаас илүү хорихгүй байж хүний эрхийг хангаж ажиллахыг Засгийн газарт даалгалаа

ХЭҮК долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн анхаарал татсан асуудал болон Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй мэдээлэл өгдөг уламжлалтай. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлаар Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ.

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар тусгаж, холбогдох шийдвэр гаргуулах саналын хамт УИХ-д өргөн барьсныг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд УИХ-ын 35 дугаар тогтоолыг баталсан юм.

Тус тогтоолд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нийтлэг журам, цагдан хорих үндсэн болон сунгах хугацаа, өсвөр насны яллагдагчийг цагдан хорих тусгай журам, цагдан хорих үндэслэлд хамаарах хэт ерөнхий болон өргөжүүлсэн зохицуулалт, шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх асуудлыг нарийвчлан зохицуулах хууль тогтоомжийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх. Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах шийдвэр бүрийн үндэслэл, шалтгааныг хэлэлцдэг шүүхийн хэлэлцүүлгийг бий болгох, ганцаарчлан хорьж байгаа тохиолдлыг таслан зогсоох зэргээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тодорхой болгож, хүний эрхийг хангаж, хамгаалахыг Засгийн газарт даалгасан.

Энэ дагуу Монгол Улсын Засгийн газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрсөн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өргөн барьсан. Хуулийн төслийг УИХ-ын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцээд ёсчлон баталлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд хүний эрх,эрх чөлөөг хангах талаар дараах онцлог зохицуулалт тусгасан байна.

Сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлахтай холбоотой зохицуулалт

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэсэн 31.5 дугаар зүйлийг “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” болгон бүхэлд нь өөрчлөн найруулсан.
  2. Сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлах үндэслэлийг нарийвчлан тодорхойлж, “хойшлуулашгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий зохицуулалтыг хассан, Эрүүгийн хуулийн  тусгай ангид хорих ял оногдуулах болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах үндэслэл, нөхцөлийг тусгасан.
  3. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
  4. Хойшлуулашгүйгээр баривчлах ажиллагааны талаар баривчлагдсан хүн баривчлах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн.
  5. Хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны талаар гомдол гаргаагүй бол баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг 30 хоногийн дотор шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан.
  6. Сэжигтэнийг баривчлах хугацаа 48 цаг байх бөгөөд сэжигтэнд ямар хэрэгт холбогдуулан баривчилж буй талаар мэдэгдэж, түүнд тайлбар мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлах.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна.

Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох шүүхийн харьяалалтай холбоотой зохицуулалт

  1. Шүүх хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан саргийлэх арга хэмжээ, сэжигтнийг хойшлуулашгүйгээр баривчлах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ. 
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх
  3. Сэжигтнийг хойшлуулашгүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэх.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой зохицуулалт

  1. Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна.
  2. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг нарийвчлан хуульчилсан. тухайлбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, эсхүл оргон зайлхыг завдсан.
  3. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний 1 сар хүртэл байна. Тиймээс 1-30 хүртэл хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сонголттойгоор авч эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
  4. Яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сар, эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй. 
  5. Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргаж байх.
  6. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг нь сунгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дуусах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно.